2020.09.04

"Шинэ хөдөө" төсөл Булган аймагт амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын ээлжит бус чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж эхэлжээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаж байна. Тэрээр өөрийн санаачилгаар эхлүүлсэн "Шинэ хөдөө" хөтөлбөрийн хүрээнд Булган аймагт хийгдэж буй ажлуудтай танилцаж явна.

"Шинэ хөдөө" хөтөлбөрийн гол зорилго бол орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгох юм. Энэ хөтөлбөрийн бодлогын хүрээнд Булган аймагт баригдсан сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээд богино хугацаа өнгөрсөн ч, ажил жигдэрсэн байна. Энэ зуны хоёр сар хүрэхгүй хугацаанд 200-гаад сая төгрөгийн сүү малчдаас худалдан авч, малчид сүүгээ борлуулж орлого олох боломж нээгджээ.

Мөн МСҮТ-ийн өнгөрсөн жилийн сүүний ангийн төгсөгчид энэ үйлдвэрт ирж ажиллаж байна. Ингэснээр малчид малаас гарах бүтээгдэхүүнээ борлуулж орлоготой болох, үйлдвэр нь түүхий эдээр хангагдаж, тасралтгүй ажиллах боломжтой болжээ. Цаашлаад нутгийн залуучууд эзэмшсэн мэргэжлээрээ төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах боломжтой болоод байна.