Хятад улс газар доор бас нэг “Цагаан хэрэм” барьжээ
2011.11.02

Хятад улс газар доор бас нэг “Цагаан хэрэм” барьжээ

 

АНУ, ОХУ зэрэг орнууд цөмийн зэвсэглэлээр дэлхийд тэргүүлдэг. Удахгүй манай урд хөрш Хятад ч тэргүүлэгчдийн эгнээнд орж болзошгүй байна. Тоймчдын баталж буйгаар энэ улс сүүлийн үед цөмийн зэвсэглэлээ эрс сайжруулж байгаа аж. АНУ-ын "The Wall Street Journal" сонины тоймч Брет Стивенс нийтлэлдээ “Хятад улс газар доор бас нэг “Цагаан хэрэм” барьсан” гэж бичжээ.

 

Уг нийтлэлд дурдсанаар Хятадад газар доорх асар урт хонгилд цөмийн зэвсэг, цэнэгт хошуу хадгалдаг гэнэ. Жоржтауны их сургуулийн Ази дахь зэвсгийн хяналтын төслийн удирдагч Филлип Карбер ч үүнийг баталлаа. Тэрбээр АНУ-ын олон Ерөнхийлөгчийн захиргаанд, мөн Конгрессийн лидерүүдийн Тамгын газарт ажиллаж байсан аж.


Филлип Карбер 2008 онд Хятадын “газар доорх Цагаан хэрэм” хэмээх нууцлаг төслийг судлах даалгаврыг Пентагоноос авчээ. Тэрбээр оюутнуудын хамт хиймэл дагуулуудаас авсан зураг, Хятадын нээлттэй эх үүсвэрүүд болон түүхийн баримтуудыг ч анхааралдаа авч, ажилласны дүнд энэ улсын цөмийн зэвсэглэлийн хэмжээ, зориулалтын талаар дүгнэлт хийжээ. Ер нь Хятад өөрийн цөмийн зэвсгийн талаарх мэдээллээ чанд нууцалдаг. Гэвч нуусан болгон хэзээ нэг цагт илэрдэг жамтай.

 

Хятадын Сычуаньд 5-р сарын 12-нд газар хөдлөхөд жирийн аврагчдын багаас гадна тийшээгээ Хятадын Ардын чөлөөлөх армийн их бууны 2-р корпусын мянга  мянган цэргийг Бээжин илгээжээ. Цацраг идэвхт бодисын хор хөнөөлтэй тэмцэх гэж тэр. Учир нь Сычуаньд цөмийн олон чухал объект, түүнчлэн хятад маягийн Лос-Аламос ч байрладаг юм байна. Газар хөдлөлтийн үеэр нурсан уул довын доороос бетон хийц, барилга, хонгил гарч иржээ. Иймээс шинжээчид “Хятад газар хөдлөлтийн үеэр газар доорх хонгилуудад нуусан цөмийн зэвсгийн нэлээдийг алдсан” гэж үзэж байна. Дашрамд дурдахад тус анги нэгтгэлд энэ улсын стратегийн зориулалтын пуужингийн анги, цөмийн зэвсгийн ихэнх нь багтдаг аж.


Хятадууд газар доорх хонгилыг цэрэг дайны зорилгоор бүр 2000 жилийн өмнөөс ашиглаж ирсэн. Ялангуяа Мао Зэ Дун Бээжингийн доор бүхэл бүтэн хот барьсан юм. Тэрээр 1960-аад оны сүүлээр ЗХУ-ын цөмийн цохилтыг тэсэх “хамгаалалтын 3 дахь шугам”-ыг Хятадын төв нутгуудад байгуулах тушаалыг өгсөн түүхтэй. Энэ аварга төсөлд газар доор атомын реактор барих, цэнэгт хошуу хадгалах, цөмийн балластик пуужин нуух зэрэг олон ажил багтсан байна.


Хятадуудын хонгил ухах дон Маотой цуг мөхсөнгүй, харин ч улам газар авсан. 2009 онд Их бууны 2-р корпусын инженерүүд 3000 миль урт хонгил ухжээ. Үүний хагасыг нь сүүлийн 15 жилд барьж дууссан гэж Хятад улс сүртэй гэгч нь зарласан. Карбер “Хэрэв та Нью-Гемпширээс Чикаго орж, дараа нь Даллас, тэгээд тэндээс Тихуану орвол яг 3000 миль болно” гэж тун бодитоор үүнийг тайлбарлав.


Хятадад ажиллах хүч маш хямд ч ийм аварга том, бас уужим бөгөөд сайн тоноглогдсон, ханыг нь хүртэл өнгөлж янзалсан, тус бүр нь 6 миль урт үргэлжлэх гудмуудтай хонгилыг барихад асар их зардал гарах нь мэдээж. Карбер “1 км хонгилыг ухах нь 4-5 цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх, мөн тэдгээрийг зөөвөрлөх тээврийн хэрэгслийн өртөгтэй тэнцэнэ. Бээжин яах гэж асар их хөрөнгийг хонгилд үрчихээд, үүнээс бага мөнгийг зэвсэглэлд зарцуулах билээ” гэж асууж байна.


Пентагоны зарим мэдээнээс үзэхэд Хятадад 240-400 цэнэгт хошуу байдаг. Тэгэхээр 1 хошуу тутамд 10 миль хонгил ухлаа гэж үү? Утгагүй, хэт их зардал мэт. Гэхдээ энэ бол 1973 оны тоо. АНУ-ын эрдэмтдийн холбооны Ханс Кристенсен “Хятад юм нуух донтой, үүнийхээ ачаар өөрийнхөө цөөхөн пуужинг олон мэт харагдуулдаг. Үнэндээ тэдэнд олон зуун пуужин байхгүй” гэж баталж байна. Харин АНУ-ын Тагнуулын төв газар Хятадыг 1000-3000 цэнэгт хошуутай болсон гэжээ. Гэтэл Хятадын хэвлэл мэдээллээр 2350-3500 цэнэгт хошуутай гэж гарчээ. Эдгээрээс ихэнхийг байрлуулаагүй гэсэн мэдээ байдаг. Харьцуулахад ОХУ нь байрлуулсан цөмийн цэнэгт хошуу 2427, байрлуулаагүй нь 8570. Дараа нь АНУ байрлуулсан цөмийн цэнэгт хошуу 2150, байрлуулаагүй 6350 гэнэ.


Мэдээж, хятадууд бодит тоогоос багыг нийтэд зарласан байж таараа. Ямар ч гэсэн Хятад 1990-ээд онд жилд 140 цэнэгт хошуу үйлдвэрлэж байсан. Хятадын “Дунфэн-5”, “Дунфэн-31”, “Дунфэн-41” зэрэг пуужингууд голдуу газрын гүнд байрласан. Иймээс дайсны эхний цохилтод өртөхгүй төдийгүй хариу барих боломжтой гэнэ. Тодруулбал “Дунфэн-4” нь Москваг ч онох чадвартай. Гэтэл энэ 2 улсын дунд Монгол маань байгаа шүү дээ.


Ер нь америкчуудын мэдээнд итгэх итгэл сул. Яагаад гэвэл оросууд ч цөмийн зэвсгээ нууцалдаг байсан. АНУ-ын шинжээчид, Пентагоны штабын офицерууд, зэвсэглэлийг хянах мэргэжилтнүүд олон арван жилийн турш хөдөлмөрлөж байж, ЗХУ-ын цөмийн зэвсгийн хэмжээг үнэлсэн удаатай. АНУ оросуудыг 20 000 цэнэгт хошуутай гэж тааварлаж байхад ЗХУ үнэндээ 40 000-тай гэж мэдэгдэн шоконд оруулсан удаатай.


Хятад улс “Бид эхэлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй” гэж байгаа ч энэ улсын цөмийн бодлогод итгэж болох уу? Хятадын хошууч генерал Чжу Шэнду “Хэрэв Тайвань Хятадтай зөрөлдөөд эхлэх үед АНУ тэдний талд орвол манай орон АНУ-ын 100-200 хотод цөмийн цохилт өгнө” гэж 2005 онд “Wall Street Journal”-д мэдэгдсэн удаатай.


Хятадын цөмийн хүч хэмжээгээрээ том төдийгүй эхний цохилтод бараг өртөшгүй бололтой. Ер нь ихэнх эрдэмтэд “Атомын дайнд ялахын тулд хоёр дахь цохилтыг үр дүнтэй өгөх хэрэгтэй. Үүний тулд цөмийн хүч заавал том байхаас гадна сайн хамгаалагдсан байх ёстой” хэмээн олон арван жилийн турш мэдэгдсээр ирсэн.


Тэгэхээр хятадууд “Газар доорх Цагаан хэрмээ барьж дууссан” гэж мэдэгдсэн нь дэлхий дахинд “Гадны цөмийн цохилтыг бид тэсвэрлэн гарч чадна. АНУ-тай шийдвэрлэх тулаан хийхээс Бээжин айхгүй. Тусгаар тогтнох гэсэн Таиваний мөрөөдөл төгсгөл боллоо” гэж зарласан хэрэг боллоо.


Ямар ч гэсэн Хятадад газар доор урт хонгил байгаад эргэлзэх хэрэггүй, үүнийг Пентагон баталсан. Тэгэхээр цөмийн тэнцвэртэй байдлыг ярьдаг хүмүүс, ялангуяа Обамагийн захиргаа л таагүй байдалд орж байна. Тэд “АНУ, ОХУ-ын цөмийн зэвсэглэлийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлье” гэж уриалдаг хэрнээ өөрсдөөс нь дутуу боловч хүчирхэг цөмийн зэвсэгтэй Хятадыг анзаараагүй мэт дүр үзүүлсээр байна. Брет Стивенс “Энэ хандлагыг яаралтай эргэж харах ёстой. Эсрэг тохиолдолд Хятад 2500 жилийн турш баримталж ирсэн нууцлагдмал байдал, худал мэдээ, суртал ухуулга, гэнэдүүлэх туршлага дээрээ тулгуурлан нэгэн сайхан өдөр гэнэтхэн цөмийн зэвсэглэлээр давуу болсон гэдгээ өөрт тохиромжтой цагт өөрт хэрэгтэй хэлбэрээр мэдэгдэх байх” хэмээн сэрэмжлүүллээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.