“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаан 10 цаг 14 минутад 57.8 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “УИХ-ын гишүүн нь Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах эрхтэй”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална” гэж тус тус заасан. Үүний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.