2020.10.02

М.Оюунчимэг: Зоригтойгоор мөнгөний эргэлт, эдийн засгийн эргэлтийг сайжруулах чиглэлд ажиллаарай

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

"Төрийн мөнгөний бодлого тогтвортой байх ёстой. Тогтвортой байна гээд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны мөнгөний бодлогын гол зорилт. Өнөөдрийн байдлаар манай санхүүгийн байдал өвчтэй байна уу? эрүүл байна уу? сэхээнд байна уу? та бүхэн ямар онош тавьж, дүгнэлт хийж арга хэмжээгээ гаргаж байгаа вэ гэдгийг хэлж өгнө үү?

Монголбанкны бодлогын хүү бусад орнуудтай харьцуулахад өндөр. Энэ нь бусад банк, санхүүгийн секторт хүү өндөр байдаг гэх хэмжээг тогтоогоод байна. Өнөөдөр банз, ББСБ, ломбард гэх мэт нь өндөр хүүтэй байна. Бизнесийнхэнтэй уулзахаар зээл авая гээд зээл олгохгүй байна гэж байна. Бичил, жижиг, дунд бизнесээ дэмжсэн зээлийн төсөл алга. Ажлын байр нэмэгдүүлэх эдгээр бизнестээ зээлийг олгох нь зүйтэй. Бид зээлийн баталгааг сайжруулах тогтоол гаргасан ч хэрэгжихгүй байна. Энэ бүхэн 2021 оны мөнгөний бодлогод яаж тусгагдсан бэ?

Зоригтойгоор мөнгөний эргэлт, эдийн засгийн эргэлтийг сайжруулах чиглэлд ажиллах ёстой. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

Ипотекийн зээлийн асуудал байна. Бид 6% хүүтэй зээл олгоно гэж Засгийн газар зарласан. Үүний хүлээлт их байна. 40-50 мянгаараа хүлээж байна. Зорилтот бүлэгтээ энэ маань хүрэхгүй байна. Мэргэжлийн судалгаанаас харахад 2 сая төгрөгөөс дээш сарын орлоготой хүмүүс л энэ зээлд хамрагдах боломжтой болоод байна. Төрөөс 6% зээлийг гаргах зорилго нь гэр хорооллын иргэн, залуучуудаа дэмжих чиглэлд хийж байна. Зорилтот бүлэгтээ хүрэх чиглэлд юу хийх гэж байна вэ?"

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.