2020.10.02
Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгөний 1,9 их наяд төгрөгөөр сум бүрт 5 тэрбумын үйлдвэр барих боломжтой
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Төсвийн бодлоготой холбоотой 1 зүйл асууя. Одоо төсөв дээр явж байгаа том ачаалал бол хүүхдийн мөнгө. Энэ жилийн гүйцэтгэлээр 1,9 их наяд. Энэ бол хэрэглээг нэмэгдүүлнэ. Ялангуяа импортын хэрэглээ нэмэгддэг. Хөдөө яваад харахаар хүүхэд бүр унадаг дугуйтай болсон. Бид үүнийг үйлдвэрлэдэггүй. Гаднаас авч байгаа. Тиймээс энэ хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулсан, ханш өсгөсөн, үнэ өсгөсөн, эргээд ард иргэдэд дарамт болох нөхцөл бий болгож байна. Үүнийг шууд хэлдэг баймаар байна. Бид хэлбэл улс төрждөг. Жишээ нь 1,9 их наядаар сум бүрд 5 тэрбумын үйлдвэр барих мөнгө. Үүнийг дагаад ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юм. Гэтэл энэ мөнгийг хүүхдийн мөнгө гээд тараачихаар зүгээр л хэвж байна. Энд баас Эрээнд хөрөнгө оруулалт болж байна. Хүүхдийн мөнгийг ирэх жил 6 сар хүртэл өгнө гэж байна. Дахиад л 1 их наяд. Бид зоригтой арга хэмжээ авч чаддаггүй хэрнээ халамжид хамаагүй цацаж байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байна.
Ипотекийн зээлийн хүүг бууруулна л гээд байна. Ингэхээр яах юм бэ? Байшин барилга нэмэгдэхээр барилгын дотоод засал, импорт нь нэмэгддэг. 2009-2010 он, 2015 оны хямрал үүнээс болсон. Зохицуулалтгүй хийж байна. Хичнээн хэмжээний хөрөнгө, импорт оруулах вэ гэдгээ тооцохгүйгээс болж валютын нөөцөө угаагаад байна. Монголбанк л үүн дээр анхааралтай хандаж улс төрчиддөө хэлэхгүй бол бид улс төрөөсөө болж шийдэж чадахгүй. Мэргэжлийн байгууллага нь хэлдэг баймаар байна."
Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.