2020.11.05
Ц.Туваан: Жил бүр иргэдийн халааснаас инфляц, долларын ханш хоёр хулгай хийж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаан боллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:
Америк долларын ханш 2860 болсон байна. Энэ тал дээр ямар бодлого барих вэ? Монгол Улс дотоодын үйлдвэрлэлээ бага дэмждэг. Импортын хараат бус. Импортоор маш их зүйлс авдаг. Доллараар авахаар долларын ханш өсөөд байгаа явдал нь хэрэглээний барааны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Тэтгэвэр тэтгэмжийг долларт шилжүүлээд үзэхэд 300 хэдэн мянган тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг долларт шилжүүлэхэд 70 доллараар багасаж байна. Эсрэгээрээ хэрэглээний үнийн сагсанд ордог гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байна. Энэ тал дээр ирэх онд ямар бодлого барьж ажиллах вэ? Долларын ханшийг хэдэд барих вэ? Жил бүр иргэдийн халааснаас инфляц, долларын ханш хоёр хулгай хийгээд байна.
Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Төгрөг долларын эсрэг тогтвортой байгаа юм. Сүүлийн хоёр жилд дөрвөөс таван хувь суларч байгаа учраас ирэх жил савлахгүй байх гэсэн төсөөлөлтэй байна. 2021 онд эдийн засгийн өсөлт 6-8 хувь өсөх магадлалтай гэж үзэж байна. Инфляцийн түвшин зургаан хувь байна гэж харж байна.