2020.08.26
Д.Сарангэрэл: Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчид болон ар гэрт нь дэмжлэг, урамшуулал олгох нь зүйтэй
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
“ДЭМБ 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шалтгаан тодорхойгүй хатгаа өвчин гарсан тухай мэдээлэл өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УОК хуралдаж чухал шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдөр Монгол Улсад дотооддоо энэ төрлийн вирусын халдвар гараагүй байна. Сэргийлж чадсан. Хэдийгээр зөөвөрлөгдөн халдварын тохиолдол бүртгэгдсэн ч эмч эмнэлгийн ажилтанууд маань шинэ вирус, шинэ өвчин гэхэд гайхалтай эмчлээд гаргасан. 299 тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн байхад одоо ХӨСҮТ-д 9 хүн л эмчлүүлж байна. Халдварын нэг тохиолдол 9-15 хоног эмчилж байгаа. Уаг нар, өдөр хоногоо умартан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагынхандаа ямар шагнал, мөнгө, урамшуулал байна, түүнийгээ өгөх ёстой. Тэдний ар гэрийнхэнд ч тусгайлан урамшуулал, дэмжлэг олгох чиглэл өгсөн. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?
Гадаадаас иргэдээ татан авах ажил маш сайн хийгдэж байна. Анх ганц нэг нисэж байсан бол одоо 10 гаруй нислэг явж байгаа. Гэхдээ эмх замбараагүй татаж аваад байвал эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Хонгконгт халдвар илрээгүй иргэн олон нийтийн дунд явж байгаад өвчилсөн. Бид эрсдэлтэй улс орнуудтай ойр байгаа нь ч сэргийлэх шалтгаан мөн. Сангийн яам их сайн ажиллаж байгаа. Олон улсын байгууллагууддаа ч талархалтай хандах ёстой. Эмнэлэг, эмнэлгийн хэрэгсэл зэргээс эднээс нь өнөөдрийг хүртэл хангуулж, тасрахгүй явж байгаа юм шүү.”
Түүний асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.