Т.Мөнхсайхан: ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт багассан
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээллийг сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярихдаа “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал, аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусны бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг бөгөөд амьсгалын замын бусад вирусны халдвартай хавсарч болно. Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14-өөс доош насны хүүхдийн дунд метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай. Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрсэн ч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай” гэв.
Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх, эм тарианы нөөц, хүртээмжид онцгой анхаарах, аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.