УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.08.10) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ноён Тапан Мишра болон НҮБ-ын системийн байгууллагуудад талархал илэрхийлэв.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра УИХ-ын дарга Г.Занданшатарыг Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд НҮБ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, “НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэн COVID-19 цар тахлаас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн гэсэн үндсэн гурван чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг оновчтой арга хэмжээг авч ажиллаж байгааг ч энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг анхаарах учиртай.
НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард УИХ-аар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны урт, дунд, богино хугацааны төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна” хэмээн танилцуулав.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлага үүсэж байгааг дурдаад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн төрөлжүүлэхийн чухлыг санал нэгтэй онцлоод УИХ, Засгийн газраас салбар бүрийн хөгжлийн уялдааг хангасан цогц бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг тэмдэглэв.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар болон албаны бусад хүмүүс байлцав