Монгол Улсад Ковид-19 халдварын тохиолдол 300 болж, 289 хүн эдгэрчээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Дээрх мэдээлэлд дурьдагдсан тоонууд 2020 оны 08 дугаар сарын 25-ны байдлаар Улсын онцгой комиссын тоон мэдээлэл бөгөөд өнөөдөр нэмж 2 тохиолдол бүртгэгдэн Ковид-19 халдварын тохиолдол 300 хүн болжээ. Нийт халдварын тохиолдлоос 289 хүн эмчлэгдээд байна.
Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй КОВИД-19 халдварын цар тахлын эрсдэл өндөр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч байгааг анхааруулж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс КОВИД-19 халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу “онц” байдал, 3 дугаар сарын 11-ний өдөр коронавируст халдварын тархалт “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн хэмээн зарласан.
КОВИД-19 халдварын цар тахал 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 24,050,731 хүн халдвар авч, 823,298 хүн нас барж, эдгэсэн хүний тоо 16,599,945 болж бүртгэгдсэн.
2020 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар дэлхийн 28 орчим улс онц байдал зарлаж, 25 улс хөл хорио тогтоон, 86 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж хөл хорио тогтоон урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг устгах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч байна.
Хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалан уг халдварын тархалт улс орнуудад харилцан адилгүй байгаа хэдий ч хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.
Сүүлийн үед КОВИД-19 халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд уг вирус нь хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
ДЭМБ-ын судалгаагаар коронавирусийн халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн байдал харьцангуй бага буюу 1-10%-тай байгаа бол бусад судалгаанд 14-15%-тай байна. Түүнчлэн КОВИД-19 халдвар цаашдаа ч тархах төлөвтэй, ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх болно гэж ДЭМБ мэдээлээд байна.
Монгол Улс дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар:
2020 оны 1-р сарын 8-наас 8-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20128 хүнд тандалт судалгаа явуулж давхардсан тоогоор 50631 хүнд шинжилгээ хийснээс бусад улс орноос зөөвөрлөгдөн батлагдсан 300 тохиолдлыг илрүүлэн оношлон, эмчилж 289 буюу (96,3%) хүнийг эдгэрүүлсэн байна.
Өнөөдөр халдвартын клиникт эмчлэгдэж буй 11 хүн байна. (биеийн байдал хөнгөн 10, хүндэвтэр 1 хүн / 65-аас дээш насны хүн 2, - астма, чихрийн шижинтэй хавсарсан эмгэгтэй 2 хүн байна байна.) 2020 оны 8-р сарын 25-нд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатри, Дархан-Уул аймгийн Вирүс судлалын салбар лабораторит нийт 490 хүнд шинжилгээ хийсэн бүгд сөрөг буюу коронавирүс илрээгүй байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдол:
- ОХУ – 197 (66,1%), Афганстан – 55(18,4%), бусад 13 улсаас (Казакстан, Их Британи, Беларусь, Швед, БНС, Франц, Чехослвак, АНУ, Тайлан, Итали, Бельги, Швейцарь, Бангладеш, Польш, Танзани улсаас тус тус зөөвөрлөгдсөн байна.
- Алтанбулгийн боомтоор 106 тохиолдол, тусгай үүргийн онгоцоор 177 тохиолдол, ТИР машины жолооч 15 тохиолдол тус зөөвөрлөгдөн батлагдсан байна.
- Хүйсийн хувьд - 210(70,%) нь эрэгтэй 90(30,0%) нь эмэгтэй
- Дундаж нас 27 (6-80 настай) үүнд 15 аас доош насны хүүхэд 8 буюу 55-аас дээш насны 16 хүн байсан.
- Дундаж ор хоног 14-64 дундаж ор хоног 30 байна.
Манай улсад бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын 46% хоолой өвдөх, 44% толгой өвдөх, 31% шинж тэмдэггүй, 30% ханиах, 29% халуурах, 27% ядрах, 19% нус гоожих, 12% жихүүдэс хүрэх, 12% амтлах мэдрэхүй алдах, 11% булчин өвдөх, 10% хамар битүүрэх, 2% ухаан балартах шинж тэмдэг илэрсэн байна.
КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сараас хойш нийт 11 удаа, мөн хилийн автозамын “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтод коронавиурст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийн үнэлгээ, 21 аймаг, гамшгаас хамгаалах улсын 8 албанд хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээг тус тус хийсэн бөгөөд “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан байна. Эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлтээс үзэхэд манай улсын хүн амын дунд халдвар тархаж 1% нь буюу 32,000 хүн халдварт өртвөл түүний 4,935 хүний биеийн байдал хүндрэх, 1,645 хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд орох, 1,481 хүн нас барах магадлалтай юм.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Алтанбулаг” боомтоос “Замын-Үүд” боомт чиглэлд улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтээс үүсэж болзошгүй КОВИД-19 халдвараас сэргийлэх бэлэн байдал, болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүнд хилийн боомтуудаар автотээврийн хэрэгслээр импортын болон дамжин өнгөрөх ачаа барааг нэвтрүүлэх нь КОВИД-19 халдвар орж ирэх, дотоодод тархаан алдах өндөр эрсдэлийг бий болгож байгаа тул “Хилийн боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ыг боомтуудын нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа гэсэн дүгнэлт гарсан байна.
Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний талаар:
КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газрын хурлаар 15 удаа, Улсын онцгой комиссын хурлаар 28 удаа, УИХ-ын нэгдсэн чуулганд 1 удаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд 1 удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 3 удаа тус тус хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг гаргуулан, Улсын онцгой комисс хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн УИХ-аас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
Засгийн газрын 62 дугаар тогтоолоор КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2 дугаар сарын 12-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, Улсын онцгой комиссын Шуурхай штабыг Онцгой байдлын ерөнхий газар дээр байгуулан ажиллаж байна.
2020 оны 8-р сарын 25-ны өдрийн Улсын онцгой комиссын 28-р хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэн хугацаа 8-р сарын 31-ны өдрийг дуустал байсныг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн, 2020 оны 9-р сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал дэвшүүлж, тус өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.
Цаашид Эрүүл мэндийн яамнаас чиглэл болгож буй КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ салбар хоорондын болон байгууллага хоорондын уялдааг сайжруулах, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх стратеги, төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг тухай бүрт нь үүсээд байгаа болон үүсэж болох нөхцөл байдалтай нягт уялдуулан шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус оны 8 дугаар сараас УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлага, мэдээллийн төвтэй уялдуулж нэгтгэн, КОВИД-19 халдварын тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжүүлэн, ДЭМБ-тай хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 67 дугаар тушаалаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд нөөцийн боломжийн нэгдсэн судалгаа гаргах, нөөц бүрдүүлэх, халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа эмч, албан хаагчдын урамшуулал, дэмжлэг олгох асуудлыг судлах, 2020 оны улсын төсвийн тодотголд тусгах санал боловсруулах, түүнтэй уялдуулан хийх шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр ажилласан.
Уг ажлын хэсгээс санал болгосноор КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор 2020 оны улсын төсвийн тодотголд Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт шаардлагатай “Хөдөлмөр хамгаалал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, уусмал, тоног төхөөрөмж”-өөр хангахад 7.7 тэрбум, “Цар тахлын үед эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох урамшуулал, цалин, илүү цагийн хөлс”-д 2.3 тэрбум, эмнэлгийн багаж хэрэгсэлд 118.0 тэрбум, нийт 128.0 тэрбум төгрөгийг тусгахаар санал оруулсан болно. Мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарган, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлсэн.
КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орны, олон улсын болон донор байгууллагуудын үйл ажиллагааг Засгийн газраас баримталж буй бодлоготой уялдуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайд, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн хамтран удирдах “Эрүүл мэндийн салбарын хүмүүнлэгийн тусламжийн баг”-ийг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр бүх олон улсын тусламж, хандивын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, манай улсын КОВИД-19 халдвараас хамгаалах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн олон улсын түнш байгууллагуудын нөөц боломжийг нэгдмэл төлөвлөлттэйгөөр дайчлан хуваарилах, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах боломжуудыг бүрдүүлэн ажиллаж байна.
Засгийн газраас 2020-2021 хичээлийн жилийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” хамтарсан 78 дугаар тушаал энэ оны 8 дугаар сарын 5-ны өдөр гарсан. Үүнд бүх шатны боловсролын болон сургалтын байгууллагын хичээл, сургалтын ажиллагааг үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, санхүү төсөв, дэд бүтэц, хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж ажиллахтай холбоотой бүх зохицуулалтыг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж, бэлэн байдлыг бүрдүүлэхийг чиглэл болгон ажиллаж байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр бүлэг “КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого”-д “Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “КОВИД-19 халдвараас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө” боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг энэ оны 6 дугаар сараас ажиллаж байгаа бөгөөд нийгмийн салбарыг сэргээх, эдийн засгийн сэргэлт, засаглал, институцийг дэмжих, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадварыг бэхжүүлэх зэрэг 4 чиглэлээр санал боловсруулж байгаа бөгөөд уг саналыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар ажиллаж байна.
КОВИД-19 халдварын цар тахлас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ялангуяа КОВИД-19 халдварын тохиолдол хүн амын дунд алаг цоог бүртгэгдсэн болон тархсан үед хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор халдварын голомтод талбарын тархвар судлаачдыг дайчлан ажиллуулахад мөрдөх журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, нэмэлтээр хүний нөөцийг бэлтгэх богино хугацааны сургалтын онлайн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Ингэснээр КОВИД-19 халдвар бүхий иргэдийг амжилттай эмчилж байгаа ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарын тэргүүн туршлага, мэдлэгт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарыг сургагч багш нар болгон дайчилан эмнэлэгүүдийн ажилтнуудыг тогтмол сургалтанд хамруулж, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ, асаргааны арга барилыг эзэмшсэн эмч, сувилагч нарын нөөцийг хот, суурин газрын болон аймгийн эмнэлэгүүдэд бэлтгэх болно. Уг хөтөлбөрийг ДЭМБ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас санхүүжүүлж, Шадар сайдын ажлын алба, ХӨСҮТ, ОБЕГ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн ажлын хэсэг боловсруулж, энэ оны 9-р сард багтаан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа. Цаашлаад Монголын эмч, сувилагч нарын КОВИД-19 халдвартай өвчтөнгүүдийг эмчлэх туршлагыг Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд ДЭМБ-ын Номхон далайн бүс орнуудын газраас зохион байгуулдаг КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вебинар буюу онлайн сургалт/семинарын цуврал хөтөлбөрт албан ёсоор оруулахаар төлөвлөж байгаа болно.
Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах зорилгоор улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж холбогдох арга хэмжээг Засгийн газрын болон Улсын онцгой комиссын тогтоол, тушаал, хуралдааны тэмдэглэлээр дагуу хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Иймд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагын шийдвэрийн эрх зүйн чадамж болон хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хууль эрх зүйн зохицуулалтын хувьд нэмэлт өөрчлөлт хийх санал, дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэн Шадар сайдын тушаалаар Улсын онцгой комиссын гишүүн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар болон УИХ-д танилцуулах болно.
Гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах үйл ажиллагааны талаар:
КОВИД-19 халдварын цар тархлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж, хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад гацсан Монгол Улсын иргэдийг татан авах үйл ажиллагааг шат дараатайгаар тасралтгүй зохион байгуулж байна.
2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан нийт 80,000 Монгол Улсын иргэн эх орондоо ирсэн.
Улсын онцгой комиссын Шуурхай штаб байгуулагдсанаас хойш гадаад улсаас эх орондоо буцах хүсэлт бүхий 29759 өргөдөл ирүүлээд байгаагаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 54 улсаас 14 мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
Улсын онцгой комиссоос зохион байгуулсан 61 удаагийн захиалгат нислэгээр – 12,295, төмөр зам, авто замын хилийн боомтоор – 8,894, нийт 21,189 иргэнийг гадаадын 53 улсаас татан авч тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд:
- 2020 оны 2 дугаар сард 1 удаагийн нислэгээр - 31, 3 дугаар сард 5 удаагийн нислэгээр – 1,076, 4 дүгээр сард 5 удаагийн нислэгээр - 1,070, 5 дугаар сард 6 удаагийн нислэгээр – 1,007, 6 дугаар сард 12 удаагийн нислэгээр 2,246, 7 дугаар сард 16 удаагийн нислэгээр - 3,738, 8 дугаар сард 13 удаагийн нислэг үйлдэж - 3,127иргэнийг тус тус татан авсан.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй тусгай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаанд нь хууль, хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
Захиалгат нислэгт хамрагдах иргэдийн нэрийг ил тод, нээлттэй болгох, иргэдийг чирэгдэлгүйгээр жагсаалтад оруулах талаар Улсын онцгой комиссын даргаас өгсөн үүргийн дагуу Шуурхай штабаас гадаад улс дахь Дипломат төлөөлөгчийн газрууд захиалгат нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж нээлттэйгээр, хүн бүр үзэж болохоор байршуулж байна.
Гадаад орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах үйл ажиллагааг эрчимжүүлж байгаатай холбогдуулан КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл “Өндөр” хэвээр байна.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хандан өнөөдрийн байдлаар дэлхийн 52 улсаас 12,461 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргаад байна. Хэдийгээр буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгаа боловч УОК-ын тавьж ирсэн хүндэтгэн үзэх 5 шалгуурт тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буураад байна. Тоо буурахгүй байгаа гол шалтгааны нэг нь нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгосноор яаралтай буцах шаардлагагүй ч дараа дараагийн нислэгт багтах дараалалд орох зорилготой холбоотой юм.
Гэсэн хэдий ч хүний нутагт санхүүгийн хүндрэлд орсон, орон байргүй, нутаг буцах зардалгүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Улсын онцгой комиссын зүгээс холбогдох шийдвэр гаргаж, 300 сая төгрөгийг “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан”-д шилжүүлээд байна. ГХЯ-наас ойрын хугацаанд уг хөрөнгийг нэн тэргүүнд дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг тодорхойлсны дараа зарцуулна.
Тусгаарлах байрны нөөц боломжийн талаар:
Нийслэлд 28 зочид буудал, 5 амралтын газар, 2 сувиллын газар, 4 эмнэлэг, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна. Тусгаарлах байруудын зэрэглэл, орчны нөхцөл харилцан адилгүй байгаа. Мөн орон нутагт нийт 7 зочид буудал, 2 амралтын газар, 2 дотуур байр, 2 эмнэлэг сувиллын газрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна.
Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 1 өрөөнд 1 хүн, 1 өрөөнд 1 гэр бүл байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Тусгаарлан ажиглах байруудад эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллага болон аж ахуйн нэгжийн нийт 3,600 гаруй ажилтан, алба хаагч томилогдон, иргэдийн эрүүл мэндийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй тусгай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаанд нь хууль, хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагаа нь тусгаарлах байрны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллага, түүний дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вируслогийн лабораторийн хүчин чадал, оношлуурын нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын хүрэлцээ зэргээс ихээхэн хамаарч байгаа болно.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар сонгохдоо нэг дор 40-өөс дээш тооны иргэдийг хүлээн авах хүчин чадалтай, гар нүүр угаах, усанд орох, бие засах зэрэг эрүүл ахуйн шаардлага хангасан өрөөнд нэг нэгээр нь тусгаарлах, зориулалтын гал тогоо, мэргэжлийн тогооч, бэлтгэгч, үйлчлэгчтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 266 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тусгаарлах байрны шаардлагыг хангасан 53 аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зочид буудлаа тусгаарлах байраар ашиглуулахыг зөвшөөрч хамтран ажиллаж байна.
Гэвч тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилтнуудыг хэл амаар доромжилдог, гүтгэдэг, эд хогшил эвддэг, тусгаарлагдсан иргэд өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ шаарддаг зэрэг иргэдийн гаргаж буй зохисгүй үйлдлээс шалтгаалан зарим аж ахуйн нэгж, байгууллага дахин хүн хүлээж авахгүй гэж мэдэгдсэн.
Үлдсэн 154 зочид буудал, 43 амралтын газар байгаагаас 25% нь гал тогоогүй, нийтийн ариун цэврийн өрөөтэй, эсхүл нүхэн жорлонтой, 27% нь усан хангамжийн инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй тул гар нүүр угаах, усанд орох, бие засах зэргээр Эрүүл мэндийн сайдын 2020 оны 269 дүгээр тушаалаар батлагдсан “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар”-т заасан шаардлагыг хангахгүй, 48% нь орны тоо хэт цөөн зэргээс шалтгаалан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжгүй байна.
Бусад 16 аж ахуйн нэгж 1 өрөөнд 1 хүнийг өдрийн 50,000 төгрөгөөр байршуулах боломжгүй, гадаадын хөрөнгө оруулагчаас зөвшөөрөөгүй, ажиллах хүний нөөцгүй, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд тавилга, хивсэнцэрт толбо үлддэг, буудлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг шалтгааны улмаас татгалзсан хариу өгсөн болно.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 250 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд халдвартын 35 их эмч, 60 сувилагч, 14 ариутгагч “Халдвар хамгааллын дүрэм”-ийн дагуу 28 хоног (14 хоног өвчтөнтэй ажиллаж, 14 хоног эмнэлэг дээрээ тусгаарлагддаг)-оор ээлжлэн голомтод ажилладаг ба КОВИД-19 халдварын тоо нэмэгдсэн тохиолдолд эмч, сувилагчийн нөөц хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Иргэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймаг, нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан, 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, иргэдэд 24 цагийн нээлттэй утсаар зөвлөмж, мэдээлэл өгч байна. Улсын хэмжээнд 54687 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба цаашид 1268 эмч, 1677 сувилагч дайчлан ажиллуулах нөөцтэй байна.