2020.08.26

Б.Баярсайхан: Цар тахлын энэ хүнд үед төр дангаараа зүтгэх бус иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд, хүмүүнлэг иргэдийнхээ хүчийг авмаар байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлын үед дотооддоо өвчнийг алдаагүй Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох төрийн байгууллага болон энэ ажилд зүрх сэтгэлээ өгөн ажиллаж байгаа та нартаа талархалаа илэрхийлье.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гадаад гацаад байгаа Монгол иргэдийн ар гэрийнхэн нэгдээд Улсын онцгой комисст санал тавьсан. Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Шадар сайд Я.Содбаатар нартай уулзаж Гэрэгэ системийн залуучуудад нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй мэдээллийг тодорхой болгоход туслах хүсэлтийн дагуу энэ ажил амжилттай хийгдэж байна. Энэ санал, санаачлагыг дэмжин, шуурхай шийдэж, хамтран ажиллаж байгаа сайд нартаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Энэ ажлын гол ач холбогдол нь гадаадад гацсан монголчууд юун дээр бухимдаад байгаа вэ гэхээр би хаана эрэмбэлэгдэж, хэд хонох, хэддүгээрт нэр нь бичигдсэн байгаа вэ гэдэг мэдээлэл нь байхгүй байгаад юм. Бид Гэрэгэ системтэй хамтран тухайн иргэний амьдарч байгаа улс, хотуудад SOS программ гаргаад нэгэнд нь ямар хэрэгцээ байгаа мэдээллээ оруулах, нөгөө нь туслах ямар боломж байгаагаа мэдээллээд харилцан туслалцах боломжтой болгох юм.

Дэлхий дахины өмнө тулгараад байгаа ийм хүнд нөхцөлд төр дангаараа зүтгэх бус иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд улмаар гадаадад байгаа сайхан сэтгэлтэй, хүмүүнлэгийн ажил хийж чадах залуучуудын хүчийг авмаар байгаа юм. Энэ ажлаа та бүхэн цаашид улам сайжруулаад өргөжүүлээд яваарай.

Дэлхий нийт сайн вакцин хүлээж байна. Гэхдээ монголын эрдэмтэн судлаач эмч нараас энэ улсын энэ вакцин Монгол хүнд тохирно эсвэл тохирохгүй гэдэг дээр судлаж байгаа зүйл бий юу? Ер нь вакцины тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?”

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.