2020.08.26
Н.Энхболд: Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдвэрлэсэн үү?
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
“Өмнөх Засгийн газрын үед Улсын онцгой комисст ажилласан. УОК-т ажиллаж байгаа холбогдох байгууллага, алба хаагчид маш өндөр хариуцлагатай, ачаалалтай ажиллаж байгаа. Гадаадаас иргэдээ татна гээд ярихад их амархан. Хэрэг дээрээ их дарамттай ачаалалтай ажилладаг. УИХ-ын гишүүд мэдээлэл сонсож, талархалаа илэрхийлж байгаад таатай байна. Энэ сонсгол анхан шатан дээр нь гардан ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл сонсож, нийгмийн хардлага үүсгээд байгаа асуудалд бодит мэдээлэл өгч байгаа нь зөв. Энд бүртгэлтэй болон гадаадад байгаа иргэдийн тоо, мэдээлэл их зөрүүтэй байдаг нь бэрхшээл үүсгэдэг.
Цэргийн төв эмнэлгийн зардлын зөрүүг өгч байгаа юу? Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн үйл ажиллагааг зогсоогоод тусгаарлах үйлчилгээ, өвчтэй хүмүүсийг давхар эмчлэх чиглэл өгсөн. Санхүү нь тасарсан, цаашид яах вэ гэдэг байдал үүссэн. Үүн дээр шийдвэр гарсан уу?
Бид анхнаасаа 5 бүлгийн хүмүүсийг эх орон руу нь татна гэсэн. Энэ чиглэлээрээ явж байгаа ч гэнэтийн чухал шаардлагаар өөр хүмүүс ч ирж байгаа. Энэ нь олон нийтийн хардлагыг үүсгээд байгаа юм. Тиймээс цаашид энэ тохиолдлоо 5 бүлгийн хүмүүс дээрээ нэмж оруулах ёстой байх аа.”
Түүний асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.