![С.Амарсайхан: Менингококкт халдвар ямар вирус, нянгаар үүсгэгдэж байгааг тогтоолгохоор БНСУ руу дээж явуулсан](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/07/e7d0bca5510ed6873fdd8463ce9b8515.png)
2025.02.06
С.Амарсайхан: Менингококкт халдвар ямар вирус, нянгаар үүсгэгдэж байгааг тогтоолгохоор БНСУ руу дээж явуулсан
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.Үүнд:
Нэгдүгээрт, Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын болон итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан Нуур, Хөшгийн хөндийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт болон бусад хэлбэрээр хамтарч чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг яаралтай жигдрүүлэх,
Гуравдугаарт, Мененгит өвчний тохиолдол, эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг багтжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Стандарт хэмжил зүйн хууль 2017 онд хамгийн сүүлд шинэчлэн найруулагдсан байдаг. Түүнээс хойш өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй. Стандартын тухай асуудлыг бид байнга ярьдаг. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй байдаг. Стандарт, техникийн зохицуулалтуудыг сонгон хэрэглэдэг болох, сонгосон бол заавал хэрэгжүүлдэг байх хуулийн тогтоолцоо руу орж байгаа. Хоёрдугаарт, Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ хийдэг чиглэлийн байцаагчдын эрхийг нэмэгдүүлэх, ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог хангана. Нөгөө талаараа зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүн болон бусад импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд чанар, стандартын баталгаажуулалтыг хийдэг нэгдсэн сантай болох, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулж бүртгэл тооцоо, хяналт зохицуулалт, зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх чиглэлээр стандартын хуулийг өргөн барьж байгаа.
Хоёрдугаарт, энэ жилдээ багтаж Замын-Үүдийн чөлөөт бүс, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг орц, гарцыг нээж жигдрүүлэх, бусад эдийн засгийн чөлөөт бүсүүдтэйгээ уялдуулах асуудал байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг олон улсын эдийн засаг, санхүүгийн төв болгох, хуурай боомт болгож чөлөөт бүсүүдээ хөгжүүлэх чиглэлийн асуудлууд байгаа. Үүн дээр хөрөнгө оруулагчдын урьж оролцуулах, хамтарч ажиллах, шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хийх Засгийн газрын тэмдэглэл гарлаа.
Гуравдугаарт, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажлаа эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар менингококкт өвчний тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Харамсалтайгаар энэ халдварын улмаас гурван настай хүүхэд эндсэн. Эмнэлэгт эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Зарим вирус, нянгийн эх үүсвэрийг тогтоохоор БНСУ-ын лабораториудад дээж өгч явуулсан. Хариуг нь хүлээж байна. Одоо байгаа шинж тэмдгүүддээ тулгуурлаж, ямар төрлийн вакцин хийх вэ гэдгээ тодорхойлж, дараагийн шатны арга хэмжээг авна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбат: Монголд менингококкийн халдварын дэгдэлт 1972-1974 онуудад жилдээ 2765 тохиолдол гарч 285 хүн нас барж байсан. Мөн 1992-1994 онд жилдээ 3084 тохиолдол гарч, 253 хүн нас барж байсан. 1994, 1995, 1996 онуудад 2-18 насны хүүхдүүдийг 98 хувьтай вакцинжуулснаас хойш 300 өвчлөл гарч, 40 хүн нас барсан байна. Энэ халдвар 2000 оноос тогтвортой буурсан ч жил бүр тогтмол илэрч байна. Тодруулбал, 2007 онд 167 хүн, 2013 онд 40, 2019 онд 20 хүн өвчилсөн. Нийт 5-6 жил тутамд дэгдэлт гарч байна. Мөн 2023, 2024 онд энэ өвчлөл нэмэгдэх аргачлалын тооцооллыг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.