АНУ-ын ЭСЯ-ны газар дээр номын сан барина
2020.05.14

АНУ-ын ЭСЯ-ны газар дээр номын сан барина

УИХ-ын өнөөдрийн \2020.05.14\ чуулганы нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бөгөөд одоогоор тус улсын Элчин сайдын яам байрлаж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн тодорхой хэмжээний газрыг Улсын Их Хурлын 2015 оны 90 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг аж. Харин тус Элчин сайдын яамнаас уг тусгай хэрэгцээний газрын талбайн хэмжээг багасгах санал гаргаж, улсын тусгай хэрэгцээнээс гаргах буюу багасгасан хэмжээнээс илүү гарах газрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдэлд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах номын сангийн барилга, байгууламж барихаар шилжүүлэх хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан гаргасан байна.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх асуудлыг Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Уг тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж  баталлаа.