Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 оны 04 дүгээр сарын 01-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн байна.
Улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 1449 ам метр хэмжээтэй, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байрлаж буй газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.
АБГББХороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.
Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлав.