2020.01.31

Ц.Даваасүрэн: Төрийн эрх барих дээд байгууллага шинжлэх ухаанд түшиглэж үйл ажиллагаа явуулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Их хурлын гишүүдэд туслалцаа үзүүлдэг Төсвийн албыг байгуулъя гэсэн хуулийн төсөл боловсруулаад хэлэлцэгдэхгүй байсаар нэлээд олон жил боллоо. Бид их хурлаа мөлжсөөр мөлжсөөр чадваргүй болгож байна. Одоо та бүхэн энэ сонгуулийн дараа хараарай Засгийн газар яаж дураараа дургих вэ гэдгийг. Магтаад л байна тийм зүйл байхгүй.

Төрийн дээд эрх барих байгууллага УИХ-ынхаа хүчийг нь сулруулсан. Энэ сонгуулийн дараа Засгийн газартаа юм хэлж чадахаа болино. Үйл ажиллагаагаа цаашид яаж явуулна гэж УИХ-аа шулсаар ирсэн юм бэ? Үүнээс өөрийгөө аврах нэг том зүйл бол УИХ-ынхаа дэргэд бүтцүүдээ байгуулах. Гадаад орнуудын жишиг байна. Төсвийн алба байна. Санхүүгийн алба байна.

76 хүний гаргаж байгаа шийдвэрийг үнэн зөв оновчтой байлгахын тулд туслалцах нэгжүүд байх хэрэгтэй. Олон парламентын үйл ажиллагаатай танилцсан. Зөвийг нь яагаад хэрэгжүүлээд аваад явчихдаггүй юм бэ? Муу зүйлийг нь Монголоор нэг хэрэгжүүллээ шүү дээ. Судалгааны төвөө төсвийн албаа байгуулах хэрэгтэй. Төрийн эрх барих дээд байгууллага шинжлэх ухаанд түшиглэж үйл ажиллагаа явуулах ёстой.

Түүний асуултанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.