2020 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж баталлаа
2020.01.31

2020 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн  С.Бямбацогт танилцуулав.

 

 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулсан.

Хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, Улсын Их Хурал дахь намын бүлэг,  зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлсэн. 

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримталсан болно.

Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 

  • 1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  • 2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
  • 3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
  • 4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
  • 7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  • 9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • 16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 
  • 17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • 18/Бусад.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, Ц.Даваасүрэн,Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд тогтоолын төслийг гишүүдийн 54,3% нь дэмжиж баталлаа.