Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг Байнгын хороо дэмжив
2019.11.22

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг Байнгын хороо дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилохыг 81.8 хувийн саналаар дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 11 гишүүн оролцож, ирц 57.9 хувьтай байв. 

УИХ-ын чуулганы энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг 57.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд  Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.