СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг  чөлөөллөө
2019.11.21

СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийг нарыг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг асуудлыг энэ сарын 8-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. 

Хуралдааны үеэр дийлэнх гишүүн "Хоёрхон хүнийг ажлаас нь чөлөөлснөөр Саарал жагсаалтад орсон шалтгаан, нөхцөл тодорхой болохгүй. Харин үүний оронд Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын хэрхэн ажилласан тайланг сонсох хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлж байв. Гэвч гишүүдийн хэлсэнчлэн уг асуудлыг байнгын хорооны хаалттай хуралдаанаар хэлэлцсэнгүй. МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон ч асуудлыг хэлэлцэлгүй байсаар өнөөдөр ийнхүү хэлэлцэж байна.     

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан дээрх байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсныг УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг Их хуралд оруулсан билээ. 

Харин албаны эх сурвалжийн хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Ингэснээр Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах бус өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөхөөр болжээ.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжив. Ийнхүү СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Н.Оюундарь асуулж асууж, хариулсны дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 57.1 хувь дэмжлээ.