2019.10.18

Ж.Ганбаатар: НӨАТ-аас чөлөөлөх нь буцаад эдийн засагтаа хор хохиролтой байдаг

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн  хуралдаанаар  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Энэ хууль тодорхой хугацаатай юу? Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх нь буцаад эдийн засагтаа хор хохиролтой байдаг. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа байгууллагууд руу хувийн хэвшлийнхэн хандахаар НӨАТ-ын падаан, ямар нэгэн баримт өгдөггүй.

Гэтэл нөгөө талдаа очоод тухайн компанийн өмнөөс хоёр удаагийн татвар төлнө гэсэн үг. Хувийн хэвшилд ажиллаж байгаагүй хүмүүс энэ талаар мэдэхгүй л дээ. Гаалийн албан татвар болон НӨАТ-аас хөнгөлөх юм уу эсвэл чөлөөлөх юм уу. хөнгөлнө гэдэг 10,20,30,40 хувь гээд явах байх. Харин чөлөөлнө гэдэг нь өөр ойлголт. Мөн төлчихсөн байгаа татваруудаа буцааж авна гэж ойлгох уу? Эсвэл ирээдүйд үргэлжлэх юм уу?