Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.05

Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой

Төсвийн байнгын хорооны /2013.06.04/ хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийлээ.

Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахуун импортолжээ.

  Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахуун импортолжээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дангаараа болон төрийн өмчийн оролцоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тухайлбал, газрын тос боловсруулах, нүүрс хийжүүлж шингэрүүлэх, уламжлалт бус газрын тос болох занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг өндөр технологиор боловсруулах замаар байгальд ээлтэй, сайн чанарын бензин шатахуун гарган авах талаар санал санаачилга гарган, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна.

Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаснаар жил тутам түлш шатахууны импортод зориулан гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо эргэлтэд оруулах, ингэснээр гадаад худалдааны алдагдлыг бууруулах, түлш шатахууны хомсдол, үнийн хэлбэлзлээс хамгаалах.

Улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлогч орон болох үндсэн нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.