Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
2020.04.08

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох салбарын сайд, дарга нарт даалгасан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаа.

Одоогийн байдлаар тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн өдөрт 3500 тонн хүртэл сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Харин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний 1 тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ.