Х.Нямбаатар: Дордуулсан долоон заалт гэдэг ч яг ямар заалтуудыг өөрчилснийг өнөөдөр санаж байгаа хүн ховор байна
2019.07.09

Х.Нямбаатар: Дордуулсан долоон заалт гэдэг ч яг ямар заалтуудыг өөрчилснийг өнөөдөр санаж байгаа хүн ховор байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, дордуулсан долоон заалтын талаар ярилцлаа.


-Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч долоон удаа буцаасан байдаг. Эрх баригч нам Ерөнхий сайдаа томилж чадахгүй энэ нөхцөл байдлыг 2000 оны Үндсэн хуулиар өөрчилсөн нь авууштай санагддаг. Тэгэхээр дордуулсан долоон заалт гэж тэр чигт нь харлуулах нь зохимжгүй юм шиг.

-Дордуулсан долоон заалт гэж бид 19 жил ярилаа. Гэвч яг ямар заалтуудыг өөрчилснийг санаж байгаа хүн өнөөдөр ховор. Мэдээж тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн нөхцөл байдал, төрийн үйл ажиллагаа тасалдаж, гацаж байгаа зэргээс үүдэн эрх баригчид Үндсэн хуульд тэдгээр өөрчлөлтүүдийг оруулсан.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийх хамгийн том үндэслэл нь олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй байсантай холбоотой гэж хардаг. Энэ үеэс хойш олонх болсон нам, эвслийн бүлэг Ерөнхий сайдыг томилдог болж ямар ч байсан төрийн үйл ажиллагаа тасалдалгүй, гацалгүй өнөөдөртэй золгож байна.

Долоон өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг заавал зөвшилцөж УИХ-д оруулж ирэх тухай асуудалд цэг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирж буй. Энэ заалт нь Засгийн газрыг аль болох тогтвортой байлгахад чиглэсэн зохицуулалт.

-Дордуулсан гэх долоон заалтын хүрээнд нууц санал хураалт явуулдаг байсныг ил болгож өөрчилсөн. Эсрэг талдаа саналаа худалдах явдал гараад байсан учраас ийн өөрчилсөн гэдэг. Харин ил байхаар намын дарга, Ерөнхий сайдын барьцаанд ороод байна гэж шүүмжлэгдэх болсон. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж болно. Гэхдээ УИХ-ын тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэх эсэхийг нэг талд нь хагалж өгч байна. Чуулганаар батлагддаг хуулийн босгыг өндөрсгөж байна. Чуулганы хуралдааны тоог нэмэгдүүлж байна. Долоон заалтаас нэг заалтыг огт хөндөөгүй. Тэр нь бүлэг байгуулсан нам, эвсэл УИХ-ын дэд даргатай байх тухай асуудал юм. Дэлхий нийтийн парламентын чиг хандлагад ийм зохицуулалт бий. Иймээс үүнийг дахин хөндөх шаардлагагүй гэж үзсэн.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Энэ нь төсөв батлах өөрийн эрх үүргээсээ татгалзсан хэрэг болж байна уу гэх шүүмжлэл байна?

-Үүнд УИХ төсөв батлах чиг үүргээсээ ухарч байгаа зүйл огт байхгүй. Мэргэжлийн Засгийн газрын боловсруулсан тооцоо судалгаа, үндэслэл бүхий төсвийг УИХ-ын гишүүд дур зоргоороо нэмэхийг хориглож өгч байгаа юм. Аливаа улс орон өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байдаг.

Үүнд тохирсон жил бүрийн төсвийн хуваарилалт оновчтой байх ёстой. Төлөвлөгөөнийхөө дагуу төсвөө зохиож үүнийг нь УИХ баталдаг байя гэсэн санаа юм. Ингэж чадаагүйгээс болж төсвийн мөнгөөр бедон тарааж байсан тохиолдол ч бий. УИХ-ын гишүүн тойрогтоо бидон тараахын тулд төсвийг нэмэгдүүлж болохгүй. Энэ бол хөгжил биш, муу туршлага. Уг заалтаар үүнийг л хориглож өгч байгаа юм.

-Үндсэн хуулийн 6.2 дээр байгалийн баялаг бол ард түмний өмч гэж тодотгож өгсөн гэж буй. Үүнийг тодруулаач?

-Үндсэн хуулийн 6.2-т Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж оруулж өгсөн. Байгалийн баялгийг захиран зарцуулахдаа ард түмэнд өгөөжтэй байдлаар ашиглах гэсэн агуулгатай зохицуулалт хийсэн юм.

-Шүүх эрх мэдлийг хараат бус, хариуцлагатай байлгах хүрээнд тодорхой зохицуулалтууд орж байна. Дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр сонгохоор болж буйд та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдлийг улс төрөөс хараат бус байлгах нь хамгийн чухал. Шүүгчийг одоогоор Ерөнхийлөгч томилж байгаа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөл гэх бие даасан байгууллага байгуулаад тэрхүү байгууллага нь бүх шатны шүүгчээ томилно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүгчдэд тавигддаг насны болон ажил мэргэжлийн шаардлагыг ч нэмэгдүүлж өгч байгаа. Одоогийн хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн шүүгчээр 25 настай хүн томилогдох боломжтой байна. Эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ цуцлах, хүүхдээ хэн асран хамгаалах, хүүхдийн тэтгэмж тогтоох, хамтын өмч хуваарилалт хэрхэх зэргийг нэг шүүгч дангаараа шийдвэрлэдэг. Хэрэв 25 настай шүүгч томилогдвол тухайн шүүгч энэ асуудлыг дангаараа шийднэ.

Харин түүнд иймэрхүү асуудлыг шийдвэрлэх амьдралын туршлага бий юү. Үүнийг харгалзан шүүгчийг хамгийн багадаа 30 нас хүрсэн иргэн байх ёстой гэж зааж байна. Мөн ажилласан жилийг гурван жилээр нэмэгдүүлнэ. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийг анхан шатны шүүхэд тухайн чиглэлээрээ зургаагаас доошгүй жил ажилласан, шүүн таслах туршлагатай хүн байна гэж тусгасан. Улсын Дээд шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь шүүн таслах туршлагатай, 40 нас хүрсэн хүнийг нэг удаа 12 жилээр сонгохоор өөрчилж байгаа. Өнөөдөр бүх насаар сонгодог хуулийн зохицуулалттай байгаа. Үүнээс үүдэн нэг компанийн халаасанд орсон гэх мэт гажуудал гарч байна. Бүх насаараа учраас эргэж хариуцлага тооцдог систем алга гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Энэ нөхцөл байдалд үндэслэн шинэ томьёолол орж ирж байна.

Мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх бие даасан байгууллагыг байгуулна.

-Эдгээр өөрчлөлтүүдийн хүрээнд цөөнгүй органик хуулиудад өөрчлөлт орж таарна. Одоо ч маргаан дагуулсан байгаа Шүүх эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Тийм. Өөрчлөлт орж буй зүйл, заалт бүртэй холбоотой органик хуулиуд шинэчлэгдэнэ.

-Хотууд бий болох боломжтой болж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой дэвшил гаргасан. Орон нутагт улстөржилтийг багасгах үүднээс баг, хорооны Засаг даргыг томилдог болохоор оруулж ирж байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болъё гэж байна. Энэ нь хотууд үүсэх эрх зүйн үндсийг бий болгож байгаа юм. Бид цаашид хотуудтай болох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хот л үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хоттой болох шаардлагатай. Тэдгээрт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг шилжүүлж өгөх том дэвшил гаргаж байгаа. Хотууд өөрсдөө захирагчаа сонгодог, өөрийн удирдлагатай, дүрэмтэй байя гэсэн зохицуулалтууд орж ирж байна. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох хүрээнд орон нутгийн өөрөө удирдах ёсны зарим байгууллагуудад сонгуулийн давхардлыг арилгая гэсэн анхны төсөл явж байна. Олон давхардалтай төлөөлөгчдийн сонгууль, урамшуулал зэргийг хасах зүйл, заалт орж ирж байгаа.

-Дүүргийн Засаг даргыг ч мөн иргэдээс сонгох нь ээ?

-Дүүрэг цаашид хот болно гэсэн зохицуулалтыг барьж байгаа. Хот бүр өөрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, тусдаа татвар хураамжаа бүрдүүлдэг, төлөвлөлтөө хийж, үүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлдог чиглэлийг баримтлах агуулгатай. Дүүргүүд хэрэв хот болбол дүүрэг гэдэг засаг захиргааны нэгжид хуулиар харьяалуулсан чиг үүргүүдийг хот болсонтой холбогдуулж шилжүүлэх ийм зохицуулалтыг бий болгохоор зорьж байгаа. Дархан, Эрдэнэт мөн аймгийн төвүүд бүгд хотын статуст шилжих боломжтой болно. Өмнөговийн уул уурхайг түшиглэсэн томоохон сумдад орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах, тэдгээрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн чиг үүргүүдийг шилжүүлэх, цаашид орчин цагийн хотууд болох суурийг Үндсэн хуулиар тавьж байгаа.

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгосон ч Аймгийн Засаг дарга нь огцруулах, томилох эрхтэй байна гэсэн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Энэ заалт дээр томилохгүй байхаар өөрчилсөн. Засаг дарга хуульд захирагдахгүй, дур зоргоороо авирлаад, хууль зөрчөөд байгаа тохиолдолд ард түмнээс сонгогдсон гээд огцруулахгүй байж болохгүй. Иймээс органик хуулиар огцруулах зохицуулалтыг оруулж өгье, огцруулсан тохиолдолд нөхөн сонгууль зарлаж дараагийн хүнийг сонгоё гэдэг байдлаар зохицуулалт хийсэн.

-Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болох зохицуулалт орж байна.Энэ зохицуулалт орсноороо одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нээгдэх үү?

-Түүнийг дагаж мөрдөх журмын хуулийн төслийг нарийн хэлэлцээгүй байгаа. Одоогийн журмын хуулиар 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлье гэсэн зохицуулалттай байна. Дагаж мөрдөх журмын хуулийн төслийг бүрэн хэлэлцэгдэж дуусах үед энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьсан нь дээр болов уу.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж байгааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн тухай асуудал хэлэлцэж байхад нөхөртэйгөө маргаж байгаа мэт авирлаж болохгүй. Үндсэн хууль гэдэг ирэх 20,30 жилийн хөгжлийг тодорхойлох бодлогын баримт бичиг юм. 2016 оны сонгуульд ялагдсан бол ялагдсан. Сөрөг хүчний үүргээ санал өгөх гэх мэт зохих хэлбэрийн дагуу биелүүлэх хэрэгтэй. Нөхөртөө туньж буй эхнэр шиг авирлаж болохгүй. Бүлэггүй болчихсон юм бол гишүүнийхээ хувиар саналаа өгөх хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуулиас тогтолцоо гэдэг үгийг авсантай холбоотойгоор сөрөг хүчний эсэргүүцэл нэмэгдсэн гэдгийг ч хэлэх хүмүүс байна л даа?

-Тогтолцоо гэдэг үгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс авъя гэж үзэж байгаа. Миний хувьд энэ үг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ зөвхөн 2024 болон 2028 онд хэрэгжих хууль биш. Тиймээс хоёр салаа утгатай хуулийн боломж байх хэрэгтэй. Дараагийн 10, 20 жил сонгууль жижиг мажоратор тогтолцоогоор явбал манай орны эдийн засаг дийлэх эсэх нь эргэлзээтэй. Мөн хөгжлийн том бодлогууд орхигдох магадлалтай. Тиймээс зөвхөн өнөөдрийг харж шийдвэрлэж болохгүй .