Монгол Улсын замыг тэгшитгэх "Эцэг" хуулийн өөрчлөлт
2019.07.09

Монгол Улсын замыг тэгшитгэх "Эцэг" хуулийн өөрчлөлт

Харин одоо Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр улс төрийн тогтолцооны гацааг арилгах үе шаттай дэвшил авчирна гэж олон нийт итгэж хүлээж байна. Тэдний итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд Засгийн газар, УИХ-ын гишүүд, хуульч судлаач, доктор, профессор, эрдэмтэд хуулийн хүрээнд улс төрийг гацаанаас гаргасан, иргэдэд өгөөжтэй, нийгэмд тустай, эдийн засагт ээлтэй, оновчтой, ямар нэгэн алдаа дутагдалгүй, чамбай сайн өөрчлөлт оруулахыц төлөө санал бодлоо солилцон бүх шатанд хэлэлцүүлж байгаа юм. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэн юу хэлснийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР 

АН ХУРУУ БАЙТУГАЙ ХОШУУ Ч ДҮРЭХГҮЙ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар сүүлийн 20-иод жил ярьсан. Олон суурь судалгаа, иргэд сонгогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэсэн. Тухайлбал, Дархан, Эрдэнэтийг  үеийн үед хотын статустай болгоё гэдэг. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд оруулах нь сөрөг талтай. Тиймээс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуульчилж өгөх зохицуулалтыг төсөлд оруулж байгаа.

Үндсэн хуульд ерөнхий зохицуулалт хийхгүй бол тодорхой тохиолдолд тухайн үеийн сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Дүүрэг иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг, нутаг дэвсгэрийнхээ нэгжид суурилсан суурьшлыг нэгэнт бий болгосон. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр дүүргүүдийг хотын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндсийг бий болгох ажлыг хийж байна.

Үүнээс гадна байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо, ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Баялгийн сан байгуулах зохицуулалтыг оруулж байгаа. Харамсалтай нь, АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуруу байтугай хошуу ч дүрэхгүй байгаад харамсч байна. Баялгийн сан байгуулж ирээдүй хойч үедээ өв үлдээх нь буруу зохицуулалт биш. 

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ГЭСЭН АГУУЛГА ОРУУЛСАН

-Үндсэн хуульд гол Улсын тогтвортой хөгжил, хөгжлийн бодлого гэсэн үг байхгүй байсан. Бүх улс орон өөрийн гэсэн хөгжлийн загвар, бодлого, төрийн хар хайрцагны бодлоготой. Гэтэл манай улсад Засгийн газар, ялсан нам болгон нь бодлогоо гаргаж, доороо хий эргэж, 27 жил Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжихгүй байнга улстөржсөн, хийрхсэн байна. Энэ чөтгөрийн тойрог, хийрхсэн улстөржилт эргээд эдийн засагт, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, нийгэм бухимддаг. Энэ нь эргээд хоосон улстөржилт хийдэг популистуудад өгөөш болсоор ирлээ. Ямар ч нам ялсан, ямар ч Засгийн газар гарсан нэг бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг бол Монгол Улс хөгжинө. Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй.

Иймд бид төслийн 25.1.7-д “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого...” гэдэг агуулгыг оруулж  ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогоо Засгийн газар, улс төрийн намаас үл хамааран УИХ-аар тодорхойлж, батлуулан Засгийн газар хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байя гэж байгаа юм.