С.Бямбацогт: Улсын хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулдаг бүтэцтэй болох шаардлагатай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар төсөл хэлэлцэх дэг, холбогдох хуулийг танилцуулсан бөгөөд хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын багийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцсон.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын асуултад төсөл санаачлагчид болон дэд ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн дунд, урт хугацааны бодлоготой байх, түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг төрийн бүтцийг байгуулах, эдийн засгийн харилцааг дэмжих зэрэг асуудлыг тусгах шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Ингэснээр парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин, нам олонх болж, Засгийн газар солигдсон ч Үндсэн хуульд заасан хөгжлийн урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг болно хэмээн үзэж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үндсэн хуульд эдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого, зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, зохион байгуулалтын зарчмыг тусгасан ч хотын доторх засаг, захиргааны нэгжийн зохицуулалт тодорхойгүй байгааг дурдлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
"Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн заалт огт байдаггүй. Иймд төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна" гэдгийг онцлов.
Төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ асуудлыг ажлын баг дахин ярилцаж, томьёоллыг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Хот шинээр байгуулбал засаг захиргаа нь хороонд хуваагдана. Орхон, Дархан-Уул аймгаар жишээ авахад залгаа сумд нь хотдоо харьяалагдаад хороо болох эсхүл залгаа аймагтаа харьяалагдаад сум болно хэмээн ажлын дэд багийн гишүүн Ц.Товуусүрэн тайлбарлаж байлаа.
Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан найман гишүүнээс зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасан тул томьёолол бүрээр санал хураав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн 1.1-т “Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж” гэсний дараа “улс орны нийтлэг эрх ашиг үндэсний аюулгүй байдлыг дээдлэн Үндсэн хуулийн хүрээнд” гэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 21.4-т “хуулиар тогтооно” гэсний дараа “нам, иргэн бие даан нэр дэвшүүлж болно” гэсэн үг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.