Шинжлэх ухаан технологийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ
2019.04.25

Шинжлэх ухаан технологийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Хууль санаачлагчын илтгэлийг БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.

Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж иржээ. Тус хуулийг хэрэгжүүлэх хугацаанд хийгдсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэлээ.

Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр болж чуулганы хуралдааныг хаалаа.