С.Эрдэнэ: Аль нэг хүйсийн эрхийг дангаар нь хамгаалах тухай хуульчлаад байж болохгүй.
2011.02.08

С.Эрдэнэ: Аль нэг хүйсийн эрхийг дангаар нь хамгаалах тухай хуульчлаад байж болохгүй.

УИХ-аас баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэр чамбай хууль болсон бэ гэдэгт УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо. Тус хууль 16 жилийн турш парламентаар боловсруулагдаж байж, батлагдсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-Ямар ч байсан 16 жилийн туршид энэ хууль УИХ-д орж ирээд, тэр бүрийд буцаж батлагдахгүй хойшилсоор өдий хүрсэн юм билээ. Төгс төгөлдөр хууль гэж байхгүй, гол нь  Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан гэдэг нь чухал. Жендерийн тэгш эрхийн асуудал тодорхой төвшинд хуульчлагдаж хэрэгжих боломж бүрдэж байна. Цаашдаа дараа дараагийн парламент улам сайжруулах байх. Манайхан Жендер гэдэг утгаар зөвхөн нэг талыг барьж, эмэгтэйчүүд гэж ойлгодог. Хуулийн төсөл ч энэ тал руу боловсруулагдаад ороод ирсэн байсан. Ер нь яваандаа жендерийн асуудлыг тэгш тавих асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр зөвхөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байх жишээтэй. Зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал яригдаж байх жишээтэй. Гэтэл өрх толгойлсон эцгүүд байна, эрэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байна. Аль нэг хүйсийн эрхийг дангаар нь хамгаалах тухай хуульчлаад байж болохгүй. Жендер ярьж байгаа бол эрэгтэй,  эмэгтэй аль алиных нь эрх ашгийг хамгаалж байх ёстой. Тиймээс хуулийг цаашид улам боловсронгуй болгох ёстой. Зарим нэг дутуу дулимаг юм бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Д.Арвины шүүмжлээд байгаа асуудлууд байна. Ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байна, төрийн институт хоорондын харьцаа тогтолцоо жигдэрч амжаагүй байна. Аажимдаа юм төгөлдөршөөд төлөв байдлаа олдог. Түүнтэй нэгэн адил Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль улам боловсронгуй болно л гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.