Д.Оюунхорол: Дэлхийн 40 гаруй орон жендэрийн бие даасан хуультай
2009.10.25

Д.Оюунхорол: Дэлхийн 40 гаруй орон жендэрийн бие даасан хуультай

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа билээ. Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Саяхан болсон, "Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойших 15 жилд" Үндэсний чуулган дээр та үг хэлэхдээ хүний хөгжилд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг нэн чухалчлан дурдаж байсан. Бас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр танай байнгын хороо ажиллаж байгаа гэж сонссон юм байна. Намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үү?

- Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тулгуур нөхцөлийн нэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах явдал юм. Тиймээс манай байнгын хороо энэ хуулийн төсөлд их ач холбогдол өгч, хэлэлцүүлэх бэлтгэлээ хийж байна. Хамгийн эхлээд УИХ-ын гишүүдэд, хууль тогтоогчдод өөрсдөд нь ийм хуулийг гаргах хэрэгцээ, шаардлагыг үндэслэлтэйгээр ойлгуулах хэрэгтэй. Мөн эл хуулийн төслийг батлуулахын тулд эрх зүйн ямар зохицуулалтууд хийх шаардлагатай байгаад анхаарлаа хандуулж байна. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг дарга болгох тухай асуудал биш хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахыг хэлж буй юм.

-Та энэ хуулийг гаргах хэрэгцээ, шаардлагыг жаахан тодруулж хэлэхгүй юу?

-Монгол Улс олон улсын гэрээ, конвенцуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн бодлого, хууль, тог-тоомж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах баталгаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар бий болох юм. Ер нь Монгол Улсын Мянганы хөгжлийн Д.Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж бие даасан хуультай болох" гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Жендэрийн тэгш байдлын талаар хуулийн төсөл боловсруулан, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэн, жендэрийн статистик мэдээлэл гаргадаг болно" гэж оруулсан. Түүнчлэн судалгаанаас үзэхэд Монгол Улсын нэлээд олон хуульд жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой заалтууд орсон ч тунхаг-лалын шинжтэй, хоорондоо зарим талаар зөрчилддөг нь бие даасан хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлагатайг харуулж байна.

-Жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр манай орон дэлхийн улсуудтай харьцуулбал ямархуу байр эзэлдэг юм бол?

-Тааруухан шүү. Жендэрийн хөгжлийн индексээр 136 орноос 87, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрээр 76 орноос 65, жендэрийн чадавхижуулалтын индексээр 80 орноос 77-д орсон тухай дэлхийн хүний хөгжлийн илтгэлд дурдсан байна лээ.

-Гадаад орнуудад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад заавал бие даасан хуультай байх хэрэгтэй гэж үздэг үү?

-Улс бүр тийм байр суурьтай байдаггүй биз. Гэхдээ Норвеги, Швед, Австрали, Ирланд, Канад, Финланд, Дани, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам гээд 40 гаруй орон бие даасан ийм хуультай. Зарим орон бүр Жендэрийн яамтай байдаг.

-Манай орныг жендэрийн эрх тэгш байдлын хувьд зарим талаар өмнөхөөсөө дордож байна гэж зарим нэг улстөрчид ярихыг сонссон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зарим үзүүлэлтээр бол энэ үнэн гэж хэлмээр байна. Жишээ нь жендэрийн эрх мэдлийн хэмжүүр үзүүлэлтээр илт ухарсан гэж болно. УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 2000 онд 11.8 хувьтай байсан бол 2004 онд 6 6, 2008 онд 3.9 хувь болж сонгууль сонгуулиар буурсан байна. Бүр 1990 онд Ардын их хурал гэж байхад 24.9 хувьтай байсан тоо баримт бий. Эндээс харахад дэлхийн дунджаас дөрөв дахин, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхэд хамгийн хойрго ханддаг гэх Арабын орнуудын дунджаас бараг хоёр дахин доогуур байна.

Их эзэн Чингэс хаан Монгол төрийн хүчирхэг байдлын нэг нууц хатан ухааны оролцоог бүх талаар дэмжих явдал гэж үздэг тухай өгүүлсэн нь бий. Тухайлбал хаан маань бага хүү Тулуйн хатан Сорхогтанибэхийг 1213 онд Их Хуралдайн даргаар зарлиг гарган томилж 30 гаруй жил ажиллуулсан түүхийн баримт байдаг.

Өдгөө Монголд улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах дээд, тэр ч байтугай дунд шатанд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл хангалтгүй байна.

-Тоо баримт дурдвал...?

-УИХ-д гурван эмэгтэй гишүүн, Засгийн газрын танхимд хоёр эмэгтэй сайд байна. Дээд шатанд гэвэл бараг ингээд бол оо. Хамгийн олон эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй боловсролын салбарыг аваад үз. Бага сургуулийн багш нарын 94 хувь, дунд сургуулийн багш нарын 71 хувь, ахлах ангийн багш нарын 68 хувь нь эмэгтэй боловч захирлуудын дийлэнх нь эрэгтэй байна. Энэ бол дунд шатны нэг жишээ. Ийм дүр зургийг эрүүл мэнд, нийгмийн халамж, худалдаа, үйлчилгээний олон салбараас харж болно.

-Жендэрийн бие даасан хуультай болсноор энэ байдал өөрчлөгдөх үү?

-Олон улсын жишгээс харахад бие даасан хуультай байх нь байдлыг өөрчлөхөд их чухал ач холбогдолтой юм. Парламент, Засгийн газрын түвшний төлөөллийг одоо дэлхийн 40 гаруй орон хуулиар, 50 гаруй орон улс төрийн намуудын дүрмээр квот /тоо/ тогтоон хэрэгжүүлж байна. Гэтэл манайд жендэрийн эрх тэгш байдлын бие даасан хуульгүйгээс Сонгуулийн тухай хуульд 30 хувь гэсэн квот зааснаа хэрэгжүүлэлгүй дор нь аваад хаячихлаа шүү дээ.

Жендэрийн бие даасан хуультай болсноор хүйсийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо бий болно. Улмаар энэ тогтолцоонд жендэрийн асуудлыг төрийн бодлогод тусгах, тэгш байдлын стратегийг хариуцах эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэ тогтолцоо бий болсноор яам, газрууд болон орон нутгийн байгууллагуудаас гаргаж буй эрх зүйн актууд, салбар хоорондын зохицуулалт энэхүү хууль-тай хэрхэн нийцэж байгааг хянах, жендэрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд техникийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, Засгийн газрын болон Олон улсын байгууллагад энэ чиглэлээр өгөх илтгэлүүдийг бэлтгэх, ухуулга нөлөөллийн ажил хийх механизм үйлчилж эхэлнэ. Бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж бүр жендэрийн мэдрэмжтэй, хэрэгжих үндэслэлтэй, хяналт зохицуулалтай болно.

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш оролцооны тухай асуудал гэж төсөөлж байна. Монголд эрэгтэйчүүдийн тэгш эрх, боломж, оролцоо хэр байдаг гэж үздэг бэ?

-Энэ бол зөвхөн хүйсийн эсвэл эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал биш. Зарим хүн иймэрхүү ташаа ойлголттой байдаг. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүх л салбарт эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлын буюу тэгш эрх, тэгш боломж, зохистой харьцааны тухай их өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ утгаараа эрэгтэйчүүдийн асуудлаар анхаарах зүйл бас багагүй бий. Тэд боловсролоор хоцрогдож байна. Сургууль завсардалт гэхэд охидоос хөвгүүдийнх хоёр дахин их байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагч охид, хөвгүүдийн хувь харьцаа тийм их зөрүүгүй боловч их, дээд сургуульд суралцагч эрэгтэй оюутны тоо эмэгтэйгийнхээсээ бараг хоёр дахин бага байна. Үүнийг тэгш боломж, зохистой харьцаа алдагдсаны нэг жишээ гэж болох юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 69.4 жил, эрэгтэйчүүдийнх 62.6 жил байна. Бараг долоон жилийн зөрүү бол их ялгаа. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийн 78 хувь нь эрэгтэйчүүд байна.

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсноор нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм байна. Хуулийн төслийн талаар таны санал ямар байгааг сонирхмоор байна.

-Хуулийн төслийг үндсэндээ олон судалгаанд үндэслэн гурван жил бодож боловсруулсан юм билээ. Гэхдээ манай байнгын хороо сайжруулах, орхигдсон асуудал байвал тусгах чиглэлээр ажиллана. Өргөн барьсан төслөөр зургаан бүлэгтэй,29зүйл, 184 заалттай юм байна.

Олон оронд бүх нийтээр дагаж мөрдөх хууль, журам, дүрэм, бодлогын баримт бичгийн төслийг жендэрийн дүн шинжилгээ хийж байж хэлэлцэн баталдаг жишиг нэгэнт тогтсон болохоор хууль тогтоогчид маань шинэ хуулийн төслийг дэмжин олон талаас нь нухацтай ярилцаж батална гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь зөвхөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийн жендэрийн агуулга мэдрэмжтэй эсэхийг хянах асуудлыг шийдвэрлэх гэж байгаа төдий зүйл биш ээ. Хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжиж, улмаар нийгэм тогтвортой урагшлан дэвших, иргэд тэгш боломж эдлэн тайван амьдрах нөхцөлийг хангадаг эрх зүйн орчин бүрдүүлж байгаа чухал хууль юм гэж манай байнгын хороо үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.