Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар ярилцлаа
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Фридрих Эбертийн сангийн Хятад, Монголын асуудлыг хариуцсан суурин төлөөлөгч ноён Свен Шверсенки болон Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нарыг хүлээн авч уулзан, Монгол улсын Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцож ярилцлаа.
Уулзалтын эхэнд ноён С. Шверсенки Д.Оюунхорол гишүүнд НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргээд тус сангийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн 2012 онд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Фридрих Эбертийн сангийн хувьд үргэлж нээлттэй харилцах болно” гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, “2012 онд олон ажлын үр дүн харагдана. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдан гарсан. Үүнд эрх барьж буй намын төлөөлөл, НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд нилээн анхаарал хандуулж ажиллана. Гэр бүлийн үнэлэмж, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өмчийн эзэн байх хуулийн төслийг өргөн барьсан. Ядуурлыг бууруулах олон төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн тодорхойгүй байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллахаар жижиг дунд бизнесийг дэмжих банк байгуулахаар судалгааны ажлыг хийж байна. Удаан хугацаатай, барьцаа хөрөнгө шаардахгүй, хүү багатай зээл олгох боломжийг эрэлхийлж байна” хэмээгээд ноён Свен Шверсенкигээс энэ тал дээр хамтран ажиллаж, зөвлөгөө, туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд ноён Свен Шверсенки хэлэхдээ Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдан гараад жил гаруй болж байгаа ч хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай дүрэм, журам өдийг хүртэл батлан гаргаагүй байна. Энэ асуудал хурдан шийдэгдвэл богино хугацаанд үр дүнтэй ажиллах ямар нэгэн шийдэлд хүрэх боломжтойг хэлсэн юм.