2009.10.22

Д.Оюунхорол: Хуультай болсноор хүйсийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо бий болно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.ОЮУНХОРОЛТОЙ ярилцлаа

-Саяхан болсон "Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойшхи 15 жилд" Үндэсний чуулган дээр та үг хэлэхдээ хүний хөгжилд жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг нэн чухалчлан дурдсан. Намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үү?

-Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тулгуур нөхцөлийн нэг нь жендерийн эрх тэгш байдлыг хангах явдал юм. Тиймээс манай байнгын хороо энэ хуулийн төсөлд их ач холбогдол өгч, хэлэлцүүлэх бэлтгэл хийж байна. Хамгийн эхлээд УИХ-ын гишүүдэд, хууль тогтоогчдод өөрсдөд нь ийм хуулийг гаргах хэрэгцээ, шаардлагыг үндэслэлтэйгээр ойлгуулах хэрэгтэй.

-Та энэ хуулийг гаргах хэрэгцээ, шаардлагыг тодруулж хэлэхгүй юу?

-Монгол Улс олон улсын гэрээ, конвенцуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн бодлого, хууль, тогтоомж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах баталгаа Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар бий болох юм. Ер нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод "Жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж бие даасан хуультай болох" гэж заасан байдаг.

-Жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр манай орон дэлхийн улсуудтай харьцуулбал ямар байр эзэлдэг юм бол?

-Тааруухан шүү. Жендерийн хөгжлийн индексээр 136 орноос 87, жендерийн эрх мэдлийн хэмжүүрээр 76 орноос 65, жендерийн чадавхижуулалтын индексээр 80 орноос 77-д орсон тухай дэлхийн хүний хөгжлийн илтгэлд дурьдсан байна лээ.

-Гадаад орнуудад жендерийн эрх тэгш байдлыг хангахад заавал бие даасан хуультай байх хэрэгтэй гэж үздэг үү?

-Улс бүр тийм байр суурьтай байдаггүй биз. Гэхдээ Норвеги,
Швед, Австрали, Ирланд, Канад, Финланд, Дани, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам гээд 40 гаруй орон бие даасан ийм хуультай. Зарим орон бур Жендерийн яамтай байдаг.

-Манай орныг жендерийн эрх тэгш байдлын хувьд зарим талаар өмнөхөөсөө дордож байна гэж нэг улстөрч ярихыг сонссон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зарим үзүүлэлтээр бол үнэн гэж хэлмээр байна. Жишээ нь, жендерийн эрх мэдлийн хэмжүүр үзүүлэлтээр илт ухарсан гэж болно. Улсын их хурал эмэгтэйчүүдийн төлөөлөл 2000 онд 11.8 хувьтай байсан бол 2004 онд 6.6, 2008 онд 3.9 хувь болж сонгууль сонгуулиар буур-сан байна. Бур 1990 онд Ардын их хурал гэж байхад 24.9 хувьтай байсан тоо баримт бий. Эндээс харахад дэлхийн дунджаас дөрөв дахин, эмэгтэйчүүдийн
сонгуулийн эрхэд хамгийн хойрго ханддаг гэх Арабын орнуудын дунджаас бараг хоёр дахин доогуур байна.

-Тоо баримт дурдвал?

-УИХ-д гурван эмэгтэй гишүүн, Засгийн газрын танхимд хоёр эмэгтэй сайд байна. Хамгийн олон эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй боловсролын салбарыг аваад үз. Бага сургуулийн багш нарын 94 хувь, дунд сургуулийн багш нарын 71 хувь, ахлах ангийн багш нарын 68 хувь нь эмэгтэй боловч захирлуудын дийлэнх нь эрэгтэй байна.

-Хууль, эрх зүйн баримт бичгүүд жендерийн мэдрэмжтэй болно гэдгийг тодруулахгүй юу?

-Хууль тогтоомж, төрийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, түүнчлэн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад баримт бичгийн төсөлд жендерийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэдэг болно. Ингээд хангасан тохиолдолд батлагдаж мөрдөгдөнө гэсэн үг

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах гэдэг эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш оролцооны тухай асуудал гэж төсөөлж байна. Монголд эрэгтэйчүүдийн тэгш эрх, боломж, оролцоо хэр байдаг гэж үздэг бэ?

-Энэ бол зөвхөн хүйсийн, эсвэл эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал биш. Зарим хүн иймэрхүү ташаа ойлголттой байдаг. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүх л салбарт эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлын буюу тэгш эрх, тэгш боломж, зохистой харьцааны тухай их өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ утгаараа эрэгтэйчүүдийн асуудлаар анхаарах зүйл бас багагүй бий. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 69.4, эрэгтэйчүүдийнх 62.6 байна. Бараг долоон жил гэдэг бол их зөрүү. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийн 78 хувь нь эрэгтэйчүүд байна.

-Жендерийн эрх тэгш байдалд анхаараагүйгээс, өөрөөр хэлбэл энэ талаар дүн шинжилгээ хийгээгүйгээс өмнө нь гарсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн нийгэмд хохирол учруулж байгаа?

-Тийм баримт олон бий. Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний байгууллагуудын өмч хувьчлалын шийдвэрт жендерийн дүн шинжилгээ хийгээгүйгээс олон мянган эмэгтэй ажлын байр, орлогогүй болж, ядуусын эгнээнд шилжсэн. 1990 онд баталсан Тэтгэврийн тухай хуулиар эх, охин хоёр зэрэг тэтгэвэрт гарч, хожим нь тэтгэвэр биш нөхөн олговор болж, олон мянган эмэгтэйн орлого эрс багассан. Мал хувьчлах шийдвэр олон мянган эрэгтэй хүүхдийг сургуулиас хөндийрөх, завсардахад хүргэсэн гэж судлаачид үздэг. Ажиллах хүч гадаадад гаргах тохиролцоонд жендерийн асуудлыг орхигдуулснаас тэдний дунд гэр бүл салах хандлага давамгайлж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эцэг, эхийн хайр халамж дутсан хүүхдийн тоо олширсон.

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсноор нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм байна?

-Хуулийн төслийг үндсэндээ олон судалгаанд үндэслэн гурван жил бодож боловсруулсан юм билээ. Гэхдээ манай байнгын хороо сайжруулах, орхигдсон асуудал байвал тусгах чиглэлээр ажиллана. Өргөн барьсан төслөөр зургаан бүлэгтэй, 29 зүйл, 184 заалттай юм байна. Олон оронд бүх нийтээр дагаж мөрддөг хууль, журам, дүрэм, бодлогын баримт бичгийн төслийг жендерийн дүн шинжилгээ хийж байж хэлэлцэн баталдаг жишиг нэгэнт тогтсон болохоор хууль тогтоогчид шинэ хуулийн төслийг дэмжин олон талаас нь нухацтай ярилцаж батална гэдэгт эргэлзэхгүй байна. хороо үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.