2011.04.26

Д.Тэрбишдагва: Дуртай нь хөрөнгө оруулдаг байдлыг цэгцэлнэ

УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг хууль аль салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулахыг өөрсдөө тогтоох боломж олгож байгаа бөгөөд бүлгийн гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.

-Бүлгийнхуралдаанаарта болон нэр бүхий таван гишүүний өргөн барьсан энэ хуулийг дэмжлээ. Хуулийн гол ач холбогдол нь чухам юунд байна вэ?

-Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Г.Занданшатар гээд бидний зургаан гишүүн Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачилсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг харахад стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг гадаадынхан 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, хязгаарлалт тавиагүй байдаг. Стратегийн аюулгүй байдлын хүрээнд зөвхөн уул уурхай биш хэвлэл мэдээлэл, хүнсний аюулгүй байдал, ус гээд 19 салбарыг хамруулсан юм. Бусад улс орны туршлагыг харахад ч ийм жишиг байна. ОХУ гэхэд 2007 онд Батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гаднаас хэрхэн хөрөнгө оруулалт авах тухай хууль гаргасан. ХБНГУ мөн онд Гадаадын хөрөнгө оруулагч стратегийн компанид хувьцаа эзэмшихийг тодорхой хэмжээнд хязгаарласан. АНУ агаарын тээврийн компаниуддаа гадны хөрөнгө оруулалт авахыг бас л хязгаарласан байх жишээтэй. Харин АНЭУ газрын тосны 40 хүртэлх хувь нь гаднын хөрөнгө оруулалттай байж болно гэж заасан байдаг юм билээ. Урд хөрш, Чили, Канад, Япон гэх мэт олон орны туршлагыг судаллаа. Эхлээд стратегийн ач холбогдолтой салбаруудаа нэрлээд, дараа нь хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийддэг юм байна. Энэ хуулийг гаргаснаар гадаадын хөрөнгө  оруулалтыг хязгаарлана гэсэн үг биш. Харин стратегийн ач холбогдолтой салбараа тодорхойлоод хэрхэн хөрөнгө оруулахыг л зааж өгч байгаа гэж ойлгож болно.

-Х.Наранхүү, Н.Ганбямба, Ц.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан гэсэн. Дахиж оруулах олон санал байгаа хэрэг үү?

-Хууль өөрөө дөрвөн бүлэг, 17 зүйлтэй. Манай намын бүлэг энэ хуулийг хэлэлцээд ерөнхийдөө зарчмын хувьд дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ үг үсэг болон гаднын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа энэ үед ганц нэг зүйлийг эргэж анхаарах хэрэгтэй гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулсан.Тэд хууль хэлэлцэх явцад санал дүгнэлтээ гаргана Түүнийг нь бас анхаарч үзье гэж шийдлээ. Цаашдаа энэ асуудлыг гарцаагүй сайтар цэгцлэх шаардлагатай. Өмнө нь гаднын хөрөнгө оруулалт дутмаг байсан учраас тэднийг татахын тулд аль ч салбарт хамаагүй хөрөнгө оруулалтыг дуртай авдаг байсан. Одоо орж ирж буй хөрөнгө оруулалт, нөхцөл байдлыг хянадаг, хэлэлцээр хийдэг, үйл ажиллагааг нь шалгадаг хуультай болно гэсэн үг. Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байгаад, ойрын хугацаанд холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-д оруулна даа.

-Хууль санаачлагчдын хувьд уул уурхай, эсвэл хүнсний бүтээгдэхүүний салбарт хязгаарлах ямар заалт байгаа вэ?

-Хязгаарлана гэхээсээ илүү хязгаарлалт тогтоох боломжтой л болж байгаа юм. Угаасаа энэ хуулийн нэр нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулан хэрэгжүүлэх тухай хууль гэж байгаа. Өмнө нь бид аль ч салбарт гаднын хөрөнгө оруулалт байж болно гэж үздэг байсан бол энэ хуулиар гарцаагүй стратегийн ач холбогдолтой салбарт, шаардлагатай гэж үзвэл хязгаар тогтооно гэсэн үг. Ер нь гаднын хөрөнгө оруулалт байх ёстой юу, үгүй юу. Оруулсан ч хэдий хэмжээнд барьж байх вэ гэдгээ шийднэ гэсэн санаа.Тухайлбал, АНУ хэвлэл, мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөггүй, огт авахгүй гэж заасан байна. Харин БНХАУ-д хөвөн даавуунд хүлээн зөвшөөрөөгүй. Хойд хөрш уран, алмаз, цэвэр кварцын түүхий эд, ховор элементүүд зөвхөн улсын мэдэлд байх ёстой гэж үздэг. Хууль гарсны дараа үнэхээр улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал салбарт хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байхыг Засгийн газар бүдэн шийдэж болно гэдгийг дахин хэлье.

-Тодорхой хязгаар тавьсан ямар заалт байна?

-Уул уурхай, хүнсний аюулгүй байдал гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой үйл. ажиллагааг тодорхойлсон. Үүнд гидрометеорологийн үйл явц, үзэгдэлд идэвхтэй нөлөөлөх үйл ажиллагаа, геофизик, халдварт өвчин үүсгэгч ашиглах, мэдээлэл төрөлжүүлэх салбарт үйлчилгээ үзүүлэх, усны биологийн нөөцийн олборлолт,стратегийн ач холбогдол бүхий орд газарт ашигт малтмал хайх, олборлох гэх мэт 19 салбар багтаж байгаа. Энэ салбарт явуулах үйл ажиллагаанд яаж хяналт тавих, хэрхэн зөвшөөрөл өгөх, хувьцааг хэрхэн эзэмших гээд нарийн заагаад өгчхөөр хууль гарсны дараа, хэрэгжүүлэх шатанд холбоотой журам заалт нь гарчихна шүү дээ. Жишээ нь, манай орны газар тариалан, мал аж ахуйд нөлөөлөх хэмжээний том талбайд 100 хувь гаднын улсаас хамааралтай том фермерийн аж ахуй байх нь өөрөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа зүйл мөн биз дээ. Харин жижиг аж ахуйн нэгжтэй хамтарч үйл ажиллагаа явуулбал арай өөр нөхцөлтэй байх жишээтэй. Уул уурхайн салбарт яг ямар орд газарт гаднын хөрөнгө оруулалт хэдэн хувь байх вэ гэдгийг ялгаж салгасан хууль гэсэн үг. Бүлгийн хуралдаанаар стратегийн ач холбогдолтой орд газарт гадны хөрөнгө оруулалт заавал 50 хувь байх шаардлагагүй. 49  буюу түүнээс доош байлгаж болохгүй юм уу гэсэн санал гишүүдээс гарсан. Уран гэх мэт тодорхой салбарт үүнийг ярьж болох байх. Хууль батлагдчихвал энэ мэт асуудлыг Засгийн газар өөрөө шийдэх боломжтой болно.

-Дээрх 19 салбараас хасах тухай санал гарсан гэл үү?

-Зарчмын хувьд бүлэг дэмжсэн.Зөвхөн эдийн засгийн талаас нь харахаас гадна улс төрийн нөхцөл байдлыг холбох хэрэгтэй гэж гишүүд үзэж байна. Мөн газрын тосны асуудал орхигдсон байна, нэмэх хэрэгтэй гэсэн санал гарсан.Танд нэг зүйлийг хасах саналтай гишүүн ч бас байсан.Үүнийг ажлын хэсэг, хууль санаачлагчид ойрын хугацаанд цэгцэлнэ.

-Улс төрийн ач холбогдолтой гэдгийг тодруулбал?

-Эдийн засгийн талаасаа ашигтай, үр өгөөжтэй юм шиг хэрнээ улс төр талаас нь бас бодох зүйл байна. Бид төмөр замыг хилийн ганцхан гарцтай байх уу, эсвэл түүнээс олон байх уу гэж ярьж байгаа шүү дээ Түүнтэй ижил том орд газар, стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулж байгаа салбарыг төмөр замтай ижлээр л шийднэ гэсэн үг. Жишээ нь, хүнсний аюулгүй байдлын хувьд Дорнодын талыг тэр чигээр нь гаднын компанид өгчих үү, өөрийн орны аж ахуйн нэгжтэй хамтарч, хэдийг нь гадныханд өгөх вэ зэргийг харахаар зайлшгүй улс төрийн шийдвэр гарна. Эдийн засгийн ашгаа хараад цаад улс төрийн ач холбогдлыг мартаж болохгүй. Наад зах нь хэн, хэдэн хувь эзэмших вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Энэ хууль батлагдсанаар 100 хувь хөрөнгө оруулалтыг нь хасах салбар бий юу?

-Хөрөнгө оруулж буй компани, тухайн улсынхаа Засгийн газрын мэдэлд байдаг уу, эсвэл нэр нөлөө ихтэй юү гэдгийг нь бас анхаарахгүй бол болохгүй.Тийм компани манайд хөрөнгө оруулаад эхэлбэл цаана нь бүхэл бүтэн өөр улсын сонирхол дагаж байна гэсэн үг.Энэ бүхнийг ялгаж байгаа учраас энэ хууль ихээхэн ач холбогдолтой юм. Гэхдээ 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай компани байж болохгүй гэсэн үг биш.Түрүүний хэлсэн 19 салбарт л анхаарах ёстой гэсэн үг.Төмсний зуугаад аж ахуй байгуулахад 70 нь гадных байх нь үндэсний аюулгүй байдалд айхтар хор нөлөө үзүүлэхгүй. Одоогоор 100 хувь хөрөнгө оруулалтыг нь хассан салбар байхгүй. Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдалд нөлөөтэй зүйл байвал хасахыг үгүйсгэхгүй. Ер нь улс бүр өөр өөрийн давуу гэсэн салбартаа гаднын хөрөнгө оруулалт авахыг хүсдэггүй нь урд хөршийн хөвөн даавуу боловсруулах, ховор болон тусгай нүүрсний эрэл хайгуул гэх мэт салбарын хөрөнгө оруулалтыг хязгаарласнаас харагдаж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.