Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
2011.04.15

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Шаардлага тавих тухай

Өмнөговь аймагт уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаа нь улс орны хөгжил, орон нутгийн хөгжилд тодорхой ахиц гарна гэж найдаж байна. Үүний тулд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Улсын Их Хурлын 47, 57, 39 дүгээр тогтоолыг гаргахад тухайн тойргоос сонгогдсон гишүүдийн  хувьд идэвхитэй ажиллалаа. Аймгийнхаа болон уул уурхайн дэд бүтцийн асуудлыг шийдэх, иргэдээ ажлын байраар хангах, мэргэшүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, эмх замбараагүй олон замыг цэгцэлж иргэдэд болон байгаль орчинд учруулж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байраар хангах, сумдын эмнэлгийг өргөтгөх талаар олон ажлыг тойрогтоо хийж, Засгийн газар, холбогдох орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй хамтран ажиллаж байна.  Дэд бүтцийн асуудлыг нэн яаралтай шийдэх талаар бид 2010 онд Танд асуудлыг албан ёсоор тавьж Оюу толгой, Таван толгойд ажиллах үеэр ч танилцуулж байсан.

 

Улаанбаатар – Мандалговь - Даланзадгад, Даланзадгад - Тавантолгой - Оюу толгой - Гашуун сухайтын авто зам барих асуудлыг эргэн төлөх нөхцөлөөр барих талаар 2008 онд Улсын Их Хурлын  47 дугаар тогтоол гаргаж 2009, 2010, 2011 оны улсын төсөвт мөн нөхцөлөөр суулгасан боловч ахиц алга  байна. Таван толгойгоос хил хүртэл олон зуун хүнд даацын автомашин нүүрс тээвэрлэж хөрс, газар шороо талхлагдаж хүн, амьтан амьдрах аргагүй боллоо. Эрдэнэс Тавантолгойн олборлолттой холбоотойгоор цаашид ч тээвэр нэмэгдэх төлөвтэй байна. Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад хүн амын төвлөрөл үүсч, Тавантолгой орчимд суурин газар, компаниудын барилга байшин эмх замбараагүй баригдаж байна.

 

Иймд дараахь асуудлыг цаг алдалгүй нэн яаралтай шийдэхийг Улсын Их Хурлын гишүүдийн хувьд шаардаж байна. Үүнд:

  1. Тавантолгой  Гашуун сухайтын авто зам, төмөр зам барих ажлыг нэн яаралтай шийдэх;
  2. Авто зам, Төмөр замын асуудлыг шийдтэл нүүрсний экспортыг хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээ авах. Олборлон борлуулж байгаа нүүрсийг олон удаа буулгаж, ачдагийг зогсоох;
  3. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын авто замын ажлыг түргэтгэх;
  4. Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдын ерөнхий төлөвлөгөө гаргаж 30-100,0 мянган хүн амтай хот барих төлөвлөгөө гаргаж, ажлыг Концессийн хуулийн дагуу нэн яаралтай эхлүүлэх, Тавантолгой орчимд ажиллаж байгаа иргэдийн ажлын байрны асуудлыг  шийдвэрлэх;
  5. Даланзадгадын “Гурван сайхан” нисэх онгоцны буудлыг Олон улсын нисэх онгоцны буудал болгох концессын сонгон шалгаруулалтыг нэн яаралтай зарлах;
  6. Гашуун сухайтын боомтын өргөтгөл, ерөнхий төлөвлөгөөг нэн яаралтай батлан хэрэгжүүлэх;
  7. 2011 оны улсын төсөвт суулгасан Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумдын 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2011 онд багтаан  барих;
  8. Гурвантэс, Ноён, Сэврэй сумыг БНХАУ-ын талаас холбосон эрчим хүчийг НӨАТ, гаалийн албан татвараас  чөлөөлөх;
  9. Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумын эмнэлгийн өргөтгөлийг нэн яаралтай шийдвэрлэх;
  10. Аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн ажлыг шуурхайлах, уул уурхайд ажиллах мэргэжилтэй ажилчид, мэргэжилтнийг бэлтгэх ажлыг түргэтгэх;
  11. Оюу толгой, Тавантолгойн үйлдвэр, уурхайд ажиллаж байгаа Монгол ажилчдын квотыг хангаж, цалин, хөлсний жишгийг ялгавартай тогтоох, нэн ялангуяа үйлчилгээний ажилчдын цалин, илүү цагийн асуудлыг шийдвэрлэх.

Дээрх асуудлуудын талаар холбогдох шийдвэр, ажлын эхлэл байгааг бид мэдэж байна. Гэвч ихээхэн цаг алдаж, орон нутгийн хөгжил, дэвшил удааширч иргэдийн нийгмийн асуудал шийдэгдэхгүй байна.

Иймд дээрх шаардлагыг хүргүүллээ. Цаг алдалгүй шийдвэрлэнэ үү.

 

Хүндэтгэсэн,

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.БАЯРСАЙХАН, Х.БАДАМСҮРЭН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.