Ж.Сүхбаатар: Удирдлагуудыг нь хоморголон хорьсон нь АТГ-ын ажлыг хориглон зогсоож байгаатай л адил
2011.03.29

Ж.Сүхбаатар: Удирдлагуудыг нь хоморголон хорьсон нь АТГ-ын ажлыг хориглон зогсоож байгаатай л адил

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Гүйцэтгэх албаны дарга гуравт анхан шатны шүүхээс ял оногдуулж, Ганцхудагт цагдан хорьж байна. Энэ байгууллагын хоёр даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих хуулийн боломж байгаа юу. АТГ үндсэндээ ямар ч удирдлагагүй болчихлоо шүү дээ?

-Би өнөөдөр (өчигдөр) ажилдаа орж байна. Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, хөдөөгүүр явсан болохоор энэ талаар тодорхой, албан ёсны мэдээлэл аваагүй. Таны хөндөж байгаа асуудлаар ул суурьтай тайлбар өгөх боломж хомс байна. АТГ-ын дарга, дэд дарга, Гүйцэтгэх албаны дарга нарт шүүхээс ял оноож, эрх нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан нь тодорхой болжээ. Ер нь бол Авилгын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих, үзлэг нэгжлэг хийх зэргийг хориглосон. Шүүхийн, парламентын гишүүд, Ерөнхийлөгчийн гээд хууль зүйд халдашгүй байдлын тухай ойлголт байдаг. Олон улсын эрх зүйд дипломат халдашгүй эрх гэж бий. Үүний цаад утга нь албан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтны бүрэн эрхэд эрх зүйн хязгаарлалт хийж өгөх нөхцөл, хэмжээ хязгаарыг тодорхойлж өгч байгаа хэрэг юм. Тодруулж хэлбэл, тодорхой эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр,эсвэл хуульд заасан тодорхой нөхцөлөөс бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагад шууд татагдахаас хамгаалж байгаа юм.Энэ бол хууль зүйн хамгаалалт. Тухайн албан тушаалтны гүйцэтгэж байгаа албаны чиг үүрэг, ажлын онцлог, орчинтой нь холбогдуулж эрх зүйн ийм хамгаалалт хийж өгдөг. Бие даасан байдал, чөлөөтэй ажиллах хууль зүйн баталгаа нь энэ.

-Ганцхудагт хоригдож байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа юу?

-Би УИХ-ын гишүүн гэхээсээ илүү хуульч хүний нүдээр харахад энэ хэргийг хуулийн ямар зохицуулалтаар шийдэж байгаа нь аргагүй анхаарал татаж байна. УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад ял оноогоод, шийдвэрийг нь гүйцэтгэчихлээ. Авилгын эсрэг хуульд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хүчин төгөлдөр болсон бол огцруулсанд тооцно гэж заасан байдаг. Харин тэгтэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд 2007 онд оруулсан өөрчлөлтөөр шүүхийн шийдвэр хүчинтэй болох, хүчин төгөлдөр болох хоёрыг тусад нь заагласан. Давж заалдсан бол тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөрт тооцохгүй байхаар зохицуулсан байгаа. Энэ талаас нь аваад үзвэл АТГ-ын удирдлагуудыг автоматаар огцруулсанд тооцохгүй. Нэг талаас АТГ-ын дарга, дэд даргын албан үүргээ хэрэгжүүлж байгаа гэж харагдаж байна. Нөгөө талаас яг одоо тэднийг цагдан хорих, баривчлах, саатуулж байгаагийн алин болохыг мэдэхгүй байна. Хэрэв бүрэн эрх нь хэвээр байгаа гэж үзвэл УИХ-ын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж, баривчилж. саатуулж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл болно. Шүүх хуулийг яаж хэрэглэснийг. шүүхийн шийдвэр яаж гарсныг би өөрөө нүдээрээ үзээгүй байгаа болохоор өнгөц харахад ийм л дүр зураг бууж байна.

-Халдашгүй байдлыг нь эрх бүхий байгууллагаас цуцлаагүй байхад эрүүгийн хариуцлагад татчихлаа. Тэгэхээр АТГ-ын дарга нар бүрэн эрхээ Ганцхудагаас хэрэгжүүлнэ гэсэн үг үү?

-Ийм зүйл бараг тохиолддоггүй. Үүнтэй ойролцоо зарим нэг жишээ бол байдаг. Тухайлбал, парламентын гишүүн шоронд ял эдлэнгээ санал хураалтад ирж оролцдог гэж хууль зүйн ном сурах бичигт дурдсан байдаг. Яагаад гэвэл ард түмний өгсөн мандатыг хэн нэгэн этгээд шууд цуцалж болдоггүй учраас зарим оронд ийм жишээ байдаг гэсэн. Ерөнхийлөгч, парламентын гишүүн зэрэг халдашгүй бүрэн эрх эдэлж байгаа субьектэд хуулийн тусгай процедур үйлчилдэг. Энэ бол тусгай эрх ямба гэхээсээ илүү хэн нэгний зүй бус халдлагаас хамгаалдаг.

-Авилгатай тэмцэх ажлыг сааруулах, мохоох зорилго үүний цаана нуугдаж байж болох уу?

-Энэ байгууллагыг анхнаас нь ямар зорилгоор байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Шулуухан хэлэхэд шүүх, цагдаа. прокурорын байгууллага ажлаа тун хангалтгүй биелүүлсэн, хууль хяналтын байгууллагын ажил муу байснаас үүдэж АТГ-ыг байгуулах хэрэгцээ шаардлага гарсан. Эдгээр байгууллага авилгын хэргийг илрүүлэхгүй, шийдэхгүй явж ирсэн шүү дээ. Үүнээс болоод манайх авилга цэцэглэсэн орны тоонд орсон. Тэгээд л авилгатай тэмцэх үндсэн үүрэг бүхий тусгай байгууллага байгуулсан. АТГ-т яагаад халдашгүй эрх олгосон юм бэ. Ажлаа муу хийсэн хууль хяналтын байгууллагуудаас хараат бусаар ажиллах шаардлага байсан. Цагдаа, мөрдөн байцаах байгууллага бол үндсэндээ Засгийн газрын харьяанд, шүүх, прокурорын байгууллага шүүх эрх мэдлийн хүрээнд байдаг. Шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын ажил урагшлахгүй болохоор хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд нөгөө хоёроосоо хараат бус тусгай байгууллага байгуулсан. Энэ нь эргээд шүүх, гүйцэтгэх.эрх мэдлийн хүрээн дэх байгууллагууд УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр АТГ-ын дарга нарын асуудлыг шууд шийдчихэж байгаа нь сонирхлын зөрчил талаасаа ч, энэ байгууллагыг анх байгуулсан мөн чанартайгаа ч авцалдахгүй байгаа юм шиг.

-Гэхдээ тэдгээр албан тушаалтнууд хууль зөрчсөнийг баримтаар нотолсон учраас шүүх ялласан хэрэг биш үү?

-АТГ-ын удирдлагууд авилгын хэрэгт холбогдсон уу гэдэг бол ноцтой ярих асуудал. Авилгын хэргийг хаа-цайлсан уу гэдгийг ноцтойгоор авч үздэг жишиг бий. Ийм үед өршөөл энэрэлгүй хандах ёстой. Сая төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж алдаа гаргасан гэдэг асуудал хөндөгдлөө гэж ойлгосон. Гүйцэтгэх ажлын хууль, тогтоомжийг зөрчсөн нь ял авах хэмжээнд байсан уу гэдгийг шүүх тогтоосон байх. Энэ хууль нэлээд доголдолтой гэж үзээд Засгийн газраас боловсруулсан төслийг  УИХ-ын төвшинд ярих гэж байгаа. Би шальтай, шалихгүй гэж хэлмээргүй байна. Ер нь тодорхой хэргээр тухайн байгууллагын удирдлагыг нааш цааш болгоод байхгүй зохицуулалтыг л хуульд тусгайлан зааж өгсөн хэрэг шүү дээ. Нэг байгууллагын хоёр дарга, нэг ажилтны асуудлыг нэг дор ингэж шийдэж байгаа нь хуулийн цэвэр ажиллагаа явагдсан гэхээсээ илүүтэйгээр хоморголсон шинжтэй харагдаад байна. АТГ бол хамтын шийдвэртэй байгууллага биш. Үнэхээр буруутай нь тогтоогдсон бол биечлэн тушаал өгсөн дээд албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой баймаар. Тийм байлаа гэхэд энэ шууд эрүүгийн хариуцлага хүлээх байсан уу гэх мэт маш олон асуулт гарч ирж байна.

-Удирдлагынхаа өгсөн тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бол биелүүлэхгүй байх хуулийн боломж байдаг биз дээ?

-Тийм эрх бий. Гэхдээ зарим тушаал шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байдаг. Хууль зөрчихийг нь мэдсээр байж дээд албан тушаалтныхаа тушаалыг биелүүлсэн бол түүнээс үүдэн гарах үр дагаврын хариуцлагаас тухайн хун чөлөөлөгддөггүй. Мэдээгүй байгаад биелүүллээ гэж бодоход тухайн ажилтны гаргасан зөрчил нэлээд хөнгөрөх нөхцөл рүү ордог. Хувь гишүүн, хуульч хүний хувь харамсаж байгаа зүйл байна. АТГ байгуулагдсанаасаа хойш алдаа дутагдлаас ангид байгаагүй. Тэглээ гээд тодорхой зөрчил, дутагдал гаргасан гэдгээр удирдлагуудынх нь асуудлыг бүхэлд нь хуулийн хүрээнд хоморголон шийдвэрлэж байгаа нь авилгатай тэмцэх төрийн том бодлого хэрэгжүүлж байгаа байгууллагын үйл ажиллагааг хориглон зогсоож байгаагаас өөрцгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.