Б.Уянга: Ховд аймаг "ширээний ард сууж" чадвал Өмнөговь аймаг шиг хөгжих боломжтой
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Б.Уянга үг хэлж асуулт асуулаа.
Тодотголыг дагаад бүгд л уул уурхай, нүүрсний талаар ярилцаж байна. Яг энэ үедээ нэг зүйлийг бүгдээрээ ойлгоод авчих нь зөв.
Монгол Улс 5 төрлийн бараа зардаг дэлгүүр шиг л байна. CU-тай харьцуулаад бодоод үзвэл тэнд хэдэн зуун барааг авч болохоор билээ. Монгол Улсыг аваад үзвэл нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, алт л зарж байна. Голлох бүтээгдэхүүнээ ярьвал энэ 5 л байна. Хэр их зарах нь урд хөршөөсөө хамааралтай. Тэгэхээр яах вэ? Төрөлжүүлье гэж оролдож байх шиг байна. Дахиад л Ховд аймгийн Халзан Бүрэгтэй төслийг Их хурлын чуулганы индрээс 2 дахь удаагаа ярих болж байна. Халзан Бүрэгтэй төсөл нь 5 нэрийн барааны дэлгүүрээ л зургаа болгочих зорилготой байтал тэмцлийн хурц хэлбэрт ороод, очих болгонд янз бүрийн асуудал үүсчихдэг. Үнэн хэрэгтээ олборлогдох эсэх нь тодорхойгүй төсөл шүү дээ. Дэд бүтэц, эрчим хүч нь байхгүй. Очоод судалъя гэхээр зөвшөөрөхгүй. Хэрэв ашиглаад эхэлбэл Өмнөговь аймаг шиг л Ховд аймгийг хөгжүүлж болохоор юмаа.
Эрдэнэт хотыг бас бодох хэрэгтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэчнээн олон кофе шоп байдаг гэж бодно. Тэнд амьдрал буцалж байдаг. Уул уурхайн салбарыг дагаад хөгжиж байгаа. Асуудлууд мэдээж бий. Тэд нар нь шийдэгдэнэ ээ. Тэгтэл олон ястны өлгий нутаг Ховд нь ширээний ард суудаггүй, үргэлж тэмцэлдээд байдаг. Үүнийг эргэж харах цаг болсон. Яагаад гэвэл өнөөдөр төсөв хэлэлцэж байгаа учраас төсвийн тодотголтой холбоотойгоор энэ уурхайг ойлгоод дэмжээд явуулж байгаа энэ аймгаас төвлөрүүлж байгаа төсвийг огт дэмждэггүй газрууд руу өгч байгааг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадамгүй байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд улсын төсөвт төвлөрүүлж байгаа аймгуудаа харангуут тодотголтой холбоотойгоор төвлөрүүлж байгаа төсвийнх нь 70% нь үлдээд байгаа байхгүй юу. Үүнд Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Улаанбаатарыг бас оруулж болж байгаа. Тэгтэл Өмнөговь аймгийн бүрдүүлж байгаа төсвийн 4% нь л үлдэж байна. Орхон аймгийн 28% нь л үлдэж байна. Өмнөговиос 1,6 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэчихжээ. Гүйцэтгэл нь ямар байгаа юм. Сангийн яамнаас хамгийн эхэнд асуумаар байгаа зүйл нь уг гүйцэтгэл нь энэ ондоо багтаад 1,6 их наяд нь төвлөрөх үү?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч