Гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны байнгын хорооны хуралдаан боллоо.
Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Гэрээний төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулсан.
Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулжээ. Бүгд Найрамдах Беларусь Улстай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, төслийг тохироод байгаа аж. Гэрээний төсөл 21 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр хоёр улсын эрх бүхий байгууллагууд, хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гаргуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг дэмжиж, байр сууриа илэрхийлсэний дараа “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Дараа нь Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцууллаа.
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй зохион байгуулалттай тэмцэх боломжтой болдог байна. Манай улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж. Бүгд Найрамдах Беларусь Улстай дээрх гэрээг байгуулахаар 2013 оноос эхлэн ажиллаж, 22 зүйл бүхий гэрээний төслийг тохироод байгаа юм байна. Гэрээний төслийн хүрээнд хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримтыг олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргээр тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж хариулт авсны дараа “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулсан.
Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болдог байна. Манай улс өнөөдрийн байдлаар 15 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг бөгөөд 2014 оноос Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Беларусь Улстай байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 23 зүйл бүхий гэрээний төслийг хоёр тал харилцан тохирсон бөгөөд энэ хүрээнд гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, шаардлагатай тохиолдолд гэмт этгээдийг түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон байна.
Гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92,9 хувь нь дэмжив