Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн санал дүгнэлтийг ЭЗ-ийн байнгын хороонд хүргүүллээ
2025.05.01

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн санал дүгнэлтийг ЭЗ-ийн байнгын хороонд хүргүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.30/ хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.

Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдаж гаргасан санал, дүгнэлтээ Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Байнгын хороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль зүйн дүгнэлт гаргуулах, түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Дээд шүүх болон Улсын Ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдсон санал авахаар шийдвэрлэсэн.

Г.Уянгахишиг гишүүн Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн хууль зүйн дүгнэлтийн хүрээнд гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа. Зөвшөөрлийн тухай хуулийн зорилт буюу уг хуулиар зохицуулах харилцаанд төлбөрт таавар, бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох асуудал хамаарахгүй хэмээн хууль зүйн дүгнэлтэд дурдсан гэв. Эрүүгийн хуулиар шинээр үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тооцох нь хүний эрхэд халдах хууль зүйн үр дагавар бүхий асуудал тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 15.7.1-ийг үндэслэн бие даасан үзэл баримтлалтайгаар хууль сахиулах байгууллагуудын болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг авсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна. Төлбөрт таавар, бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг бие даасан хуулиар шийдвэрлэх боломжтой хэдий ч Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг баримтлах шаардлагатай гэсэн байна.

Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний комиссоос ирүүлсэн дөрвөн саналыг Г.Уянгахишиг гишүүн танилцуулав. Нийгэмд үүссэн сөрөг үр дагаварыг хязгаарлах, таслан зогсоох зорилготой тул төслийн үзэл баримтлалыг дэмжжээ. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “бооцоот тоглоом”-ын гэмт хэргийн шинжийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “цахим мөрийтэй тоглоом”-ын гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн 20.17 дахь хэсэгт заасан мөрийтэй тоглоомоос хэрхэн ялгах асуудлыг илүү нарийвчлан тогтоох нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучлах” хэсгээс “өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан” гэснийг хасах нь зүйтэй хэмээжээ.

Монгол Улсын Ерөнхий прокуророос гурван саналыг ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 20.17 дахь хэсгээр мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулсан бол гэмт хэрэгт тооцохоор байгаа тул төслийн 20.18 дахь хэсгийг хасах шаардлагатай гэжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцсон төрлөөр нь журамлан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой тул төслийн 20.19 дэх хэсгийг хасах саналыг ирүүлсэн байна. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцох заалтыг нэмж тусгах саналыг ирүүлжээ.

Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд хуралдаж, дээрх байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон болон хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцсоны үндсэн дээр санал дүгнэлтээ гаргажээ.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”-оор тусгасан зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Спорт бооцоот тааврыг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэжээ.

Эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад хэлбэрээр бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхийг гэмт хэрэгт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.18 дахь хэсгийг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулахад, эсхүл ашиг олох зорилгоор хууль бусаар бооцоот таавар зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 20.19 дэх хэсгийг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжих хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн байна.

Спорт бооцоот тааврын үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхийг Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтөд тусгахаар болсонтой холбогдуулан Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүд дэх нэр томьёог нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.

Монгол Улсын иргэн гадаад улсад казино тоглох, бооцоот тааварт оролцох нь хуулийн хориглолтод хамаарахгүй байх тул тухайн үйл ажиллагаанаас олсон орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулах, орлогыг оновчтой тогтоох, түүнчлэн Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд спорт бооцоот тааврын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор татвар ногдуулах биет хэмжээний төрөл, татварын хувь, хэмжээ тогтоох асуудлыг нарийн тооцож хуульчлах шаардлагатай байх тул мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлтэй холбоотой саналыг бэлтгэх нь зүйтэй гэсэн саналыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцуулгынхаа төгсгөлд тодотгов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 3 дугаар зүйлийг хасахыг, төслийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг, гишүүдийн олонх дэмжсэн. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.