2018.02.08

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль гурван ээлжээр хичээллэхгүй

Нийслэлийн хэмжээнд 19 сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Харин энэ жагсаалтаас өчигдөр 1 сургууль хасагджээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 104 дүгээр сургуулийн өргөтгөлийг барьж, өчигдөр албан ёсоор хүлээн авчээ. Тус сургууль 2006 онд үүд хаалгаа нээсэн.  2008 оноос эхлэн 10 жилийн хугацаанд 3 ээлжээр хичээллэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд бага ангийн 8 бүлгийг 376 сурагч 3-р ээлжинд хичээллэж байсан гэнэ. 3-р ээлжийн хичээл орой тардаг. Сурагчид гэртээ харихдаа согтуу хүн, нохойноос айх, гэмт хэргийн хохирогч болох зэргээр олон эрсдэл учирдаг байсныг тодотгож байна. Харин тус сургууль 600 хүүхдийн хүчин чадалтай шинэ өргөтгөлтэй болж, 2 ээлжээр хичээллэхээр болж байна. Сургуулийн өргөтгөлийг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 2016 онд хөрөнгө мөнгийг нь шийдвэрлээд энэ сургуулийн удирдлагууд, дүүргийн удирдлагуудтай хамтарч маш орчин үеийн чанар сайтай сургуулийг ашиглалтанд оруулахын төлөө бүгд хичээсэн. Намайг анх сонгогдож ирж байхад энэ хэсэгт сургууль цэцэрлэг байтугай хороо ч байхгүй байса. Одоо Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны бүх хүүхэд  цэцэрлэгт хамрагдаж байна.