104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо
2018.02.08

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

СХД-ийн 25-р хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Анх 2006 онд тус сургуулийн барилгыг Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан. Ашиглалтанд орсноос хойш 2008 оноос эхлэн 3 ээлжээр хичээллэж байгаа. Тэгвэл өнөөдөр 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтанд орлоо.

Тус сургууль 3 ээлжээс хэвийн 2 ээлжинд шилжиж байна.

Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтанд ороод байна. Барилгын гүйцэтгэгчээр “Фүжи-Алтай” ХХК ажилласан юм.

Түүнчлэн 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарч байсан.

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг: Энэхүү эрдмийн өргөө сүндэрлэхэд олон хүний сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр орсныг энд онцолъё. 104 дүгээр сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид хүнд нөхцөлд ажлаа явуулж, сурагчид маань нэг ангид олноороо, гурван ээлжээр хичээллэж байсан. Энэ асуудлууд ийнхүү шийдэгдэж байгаад туйлын баяртай байна гэж нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолсон юм.