2018.02.14

Амьдрал бэлэглэх хууль батлагдсанд баяртай байна

Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг өндөр түвшинд хийж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Харин эдгээр мэс заслыг хийхэд үүсдэг хамгийн том асуудал нь донорын эд, эрхтэн байдаг аж. Тэгвэл донор болон түүнийг тойрсон эрхзүйн орчинг сайжруулах зорилготой Донорын тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан.

Өмнөх хуулиар амьгүй донороос эд, эс, эрхтэн авах зохицуулалтыг тусгаагүй байснаас амьд донор олно гэдэг хүнд өвчтэй хүмүүст бэрх даваа байсан. Амьд донор оллоо ч тэр нь зөвхөн ах, дүү, төрөл төрөгсөд дундаас нь л байх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл тохироо нийцэж, эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүн байсан ч хамаатан л биш бол донор болох боломжгүй байсан юм.

ХАРИН ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР АМЬГҮЙ БОЛОН ТАРХИНЫ ҮХЖИЛТТЭЙ ИРГЭНИЙГ ДОНОР БОЛГОХ АСУУДЛЫГ ХУУЛЬЧИЛЖЭЭ.

25 нас хүрсэн Монгол Улсын иргэн донор болохоо зөвшөөрч гэрээсэлж үлдээсэн бол нас барсных нь дараа эд, эс, эрхтнийг нь донороо хүлээн суугаа хүнд өвчтөнүүдэд өгөх боломжтой болсон.

Эдгэрэшгүй хүнд өвтэй иргэдэд амьдрал бэлэглэх эрх зүйн боломж нээгдсэн гэдэг утгаараа тус хуулийг АЗ ЖАРГАЛЫН ХУУЛЬ гэж салбарынхан онцолж байна.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч  О.Сэргэлэн

“Энэ хууль батлагдсанаар тархины үхжилттэй буюу тэнгэрт хальж байгаа хүмүүсийн эрхтнийг авч өөр нэгний амийг аврах боломжтой боллоо. Талийгаач тэнгэрийн оронд очихдоо эрхтэнтэй очиж байна уу, үгүй юу гэдэгтэй бурхан багш тооцоо хийдэггүй. Харин эрхтнээ бэлэглэж, өөр нэгний амийг аврах нь дээдийн дээд буян болно”

Уг хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхэд бэлдэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслийг зөрчил, хийдэлгүй болгох үүднээс жил шахам хугацаанд хуулийн төсөл дээр маш няхуур ажилласан гэж салбарын сайд онцолсон юм. Учир нь донорын асуудлыг нээлттэй болгохтой зэрэгцээд хүн худалдаалах гэмт хэрэг гаарах магадлалтай аж. Тэр ч утгаараа эд, эс, эрхтэнг импортлох, экспортлохыг хуулиндаа хатуу хориглох заалтуудыг оруулж иржээ.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга

Зөвхөн амьгүй донороос эрхтэн шилжүүлж авах заалтаас гадна тээгч эхийг зохицуулах, үүдэл эсийн банк байгуулах зэрэг салбарынхны дунд хүлээгдэж байсан маш олон зохицуулалтыг уг хуулиар зохицуулсан.

Хуулийн төслийг батлагдсаны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: “Энэ хууль нийгэмд их хүлээлттэй байсан хуулиудын нэг. Эрхтэн хүлээж байгаа олон зуун мянган иргэдэд амьдрал бэлэглэсэн сайн хууль болж чадлаа гэж бодож байна. Энэ хуулийн төслийг санаачилж өргөн барьсан гишүүн, ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Д.Гантулга болон бусад гишүүдэд баярлалаа” гэж хэлсэн юм.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн гишүүдийн байр суурийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.