2017.09.26

Үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно

Донорын тухай хуулийг Засгийн газраас 2016.12.27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэх юм.

Тухайн улсын анагаах ухааны хөгжлийн түвшинг тодорхойлохдоо эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх нөөц, боломж, чадварыг хардаг байна. Энэ бүхэн үнэлгээг харгалзан үзвэл Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломж бий. Гэвч донорын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас үүдэн саад байсаар байна.

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирчээ.

Харин Монгол Улсад эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийхэд эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагддаг. Гэвч донорын эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйгээс тэр бүр монголд хийлгэдэггүй байна.

Харин хуулийн шинэчилсэн найруулгаар АМЬГҮЙ ДОНОРООС эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах шинэлэг зохицуулалтыг оруулж иржээ. Өөрөөр хэлбэл амьгүй донороос эс, эд, эрхтэн авснаар өөр нэгэн хүний амийг аврах боломжтой.

Гэхдээ донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглоно гэж зааснаар хүний эрхтний наймаанаас сэргийлэх юм.

Хуулийн бас нэгэн шинэлэг зохицуулалат бол үүдэл эсийн үндэсний банк байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал юм.

Тус банкыг байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин,  удамшлын  болон бодисын солилцооны эмгэг  зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох аж.

*үүдэл эс бол бусад бүх бие эрхтний эсийн үндэс бөгөөд эх, хүүхдийг холбосон хүй болон чөмгөнд байдаг. Хүүхдийг төрөнгүүт хүйнээс нь үүдэл эсийг нь авч хадгалбал хожмоо ямар ч өвчнөөс айхгүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, зүрх нь муудвал зүрхийг, уушги нь муудвал уушгийг нь лабораторид ургуулдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах донор хайх шаардлагагүй болно гэсэн үг юм.


 

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар дараах ач холбогдолтой болно хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Нэгдүгээрт,

Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ.

Хоёрдугаарт, 

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.

Гуравдугаарт, 

Донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Дөрөвдүгээрт, 

Өөрийн оронд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулна.

Тавдугаарт,

Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэнэ.

Зургаадугаарт,

Үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин,  удамшлын  болон бодисын солилцооны эмгэг  зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно.