Б.Саранчимэг: Эсийн үндэсний банк байгуулснаар 280 гаруй өвчнийг эмчилж болно гэж байгаа учраас хуулийн төслийг дэмжсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Донорын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хуулийн төсөлд,
- Донорын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагын тогтолцоо бий болох
-Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах болон цус цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэн боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох,
- Цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, өргөжүүлэх, урамшуулах, алдаршуулах
- Хүний эс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах, эмчилгээний зорилгоор амь нас, эрүүл мэндийг хамгаалах, донорын эс эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглох хүний эрхтний наймаас урьдчилан сэргийлэх
- Эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус багадалт, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд аутизмтай хүүхдийг эмчлэх боломжтой гэсэн нь томоохон дэвшил, УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд ямар өөрчлөлт орж байгаа талаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг одоо мөрдөгдөж буй хуулийн үзэл баримтлалаас ялгаатай байгаа зүйл, хүндэт доноруудад олгодог урамшуулалд өөрчлөлт орсон талаар асуулт асууж, хариулт авлаа.
Байнгын хороонд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.