2017.10.04

"Хурдтай, шударга Ерөнхий сайдтай болно гэсэн хүлээлт ард түмэнд байна"

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар байр сууриа илэрхийллээ.

М.ОЮУНЧИМЭГ: АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР НЭН ТЭРГҮҮН АНХААРАЛ ХАНДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос 100 хувь дэмжсэний дараа олон нийт ямар байдалтай хүлээж байгааг анзаарлаа. Хурдтай, шударга Ерөнхий сайд гарч ирж байна гэсэн хүлээлт ард түмэнд их  байна. Энэ утгаараа таныг ард түмэндээ өгөөжтэй зүйлээс ажлаа эхлээсэй гэсэн хүлээлтийг дамжуулж хэлж байна.

Анхаарал хандуулах хэрэгтэй хамгийн гол зүйл бол ажлын байр. Өнөөдөр ядуурал нэмэгдсэн талаар Дэлхийн банкны шинэ судалгаагаар гарсан.

Бид сонгуульд орохдоо 21-100 гэсэн мөрийн хөтөлбөрийг урдаа барьж ажилласан. Энэ хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх нь таны үндсэн ажил байх ёстой болов уу гэж бодож  байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж иргэдийг шууд ажлын байраар хангах гэрээг өмнө нь хийж байсан. Үүнийг үргэлжлүүлэх нь зөв. Мөн аймаг, сум, дүүрэг хороодын засаг дарга нарыг яг хэдэн хүнийг ажлын байртай болгосноор ажлыг нь дүгнэх хэрэгтэй.

Нөгөө талаасаа Эрдэнэтийн хувьцааг ард түмэндээ хүртээмжтэй чиглэлээр ажиллах хэрэгтэй. Хариуцлага алдаж байгаа ажилтанд хариуцлага тооцож, сайн ажилтныг харин урамшуулж явах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас гэхэд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаагийн 100 тэрбумаар нь багш нарын цалингийн асуудлыг шийдэх бололцоо харагдаж байна.

Ж.ГАНБААТАР: ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДАРАМТАЛДАГГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГААСАЙ

Та Монгол Улсыг эдийн засгийн хувьд бусад улстай хөл нийлүүлж алхахын төлөө ажиллаарай гэж хүсье. Монгол Улсын иргэдийг орлоготой, ажилтай болгохын төлөө энэ Засгийн газар ажиллах ёстой.

Авдаг цалин, тэтгэвэр нь амьдралын наад захын хэрэгцээнд нь хүрдэг болгохын төлөө ажлаа эхлүүлээрэй. Энэ тал дээр бид дэмжиж ажиллана. Монгол Улсын төсвийг тодорхой хэмжээнд бүрдүүлж буй хувийн хэвшлийг дарамталдаггүй Засгийн газрын эхлэлийг тавиасай гэж хүсч байна.