2017.10.04

С.Эрдэнэ: Монгол Улс хэдийн болтол дандаа гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжийг шүтэж амьдрах вэ?

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асуулаа.

С.ЭРДЭНЭ:  ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ОУВС-ТАЙ ЦААШИД ХАМТАРСААР БАЙХ УУ?

Нэгдүгээрт, Монгол Улс хэдийн болтол дандаа гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжийг шүтэж амьдрах вэ? Монгол орон өөрөө бие дааж эдийн засгийн чадавхийг бий болгосон бодлого хэрэгжүүлэх боломж байгаа юу?

Жишээ нь гадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болох ОУВС-тай цаашдаа хамтраад яваад байх юм уу? Ганц жишээ нь, өнгөрсөн хавар УИХ-аас баталсан Оюутолгойн борлуулалтын орлогыг Монголын банк санхүүгээр дамжуулах УИХ-ын тогтоол батлагдсан. Яг үүнтэй зэрэгцээд ОУВС-гийн санхүүгийн өргөтгөсөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зогсоосон. Болзол нь Рио-Тинтогийн мөнгийг гадны санхүүгийн байгууллагаар дамжуулдаг байдлыг хэвээр нь үлдээх байсан. Ингээд УИХ арга буюу өөрсдийнхөө баталсан тогтоолыг хүчингүй болгож байсан.

Үүнээс харахад ОУВС Монгол Улсын хөгжлийн төлөө яваад байна уу эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Ер нь гадны зээл тусламж хэрэгтэй үедээ хэрэгтэй л байдаг байх. Гэхдээ яг өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нь бодлого явуулж байна уу? Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Миний хувьд монголд үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн 16 орд, цаашдаа стратегийн ордод орох боломжтой 38 орд газрын олборлолт, борлуултад тавих төрийн хяналтыг чангатгах нь зөв гэж үзэж байна. Өнөөдөр Оюутолгойгоос олборлож, борлуулж байгаа зэс, зэсийн баяжмал, түүнийг дагаж гарч байгаа алт, мөнгө гээд дагалдах металь, баялагуудыг төрөөс хянаж чадаж байна уу?

Хоёрдугаарт, та хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжгүй гэж хэлж байсан. Саяны огцорсон Засгийн газрын туйлж байсан олон тэрбум төгрөгийг харахад хүүхдийн мөнгийг өлхөн өгөх боломж харагдаж байна. Тиймээс та хүүхдийн мөнгийг хэдэн оноос эхэлж, ялгаваргүйгээр өгөх вэ?

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ УЛС БОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС УЧРААС БАЯЛАГАА ХЭРХЭН АШИГЛАХ НЬ УЛСЫН ДОТООД АСУУДАЛ БАЙХ УЧИРТАЙ

Монгол Улс бол өөрийн хуультай, тусгаар тогтносон улс учраас баялагаа хэрхэн ашиглах нь улсын дотоодын асуудал байх учиртай.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа. Он гараад нилээдгүй их хэмжээний өр төлнө. Чингис бондын 500 сая ам.доллар, Дэмсан бондын 1 тэрбум юань буюу 161 сая ам.доллар төлнө. Үүнийг төлөхгүй бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байдалд орно.

Монголчуудын өмнө яг одоо тулгамдаж буй хамгийн хүндрэлтэй асуудал бол өр.

ОУВС-тай тохирсон зүйлээ цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Энэ тал дээр бид үргэлж санал зөрөлддөг. Эсэргүүцэж буй улстөрчдийнхөө санаа бодлыг сонсох нь зүйтэй. Гэвч бидний өнөөдрийн нөхцөл байдал хүнд байна.

Стратегийн орд газруудын талаар бид маш болгоомжтой хандах ёстой. Монголын ард түмэн өөрсдийн баялагт эзэн нь байх ёстой. Харамсалтай нь энэ тогтолцоо алдагдсан.

Монгол Улс бол өөрийн хуультай, тусгаар тогтносон улс учраас баялагаа хэрхэн ашиглах нь улсын дотоодын асуудал байх учиртай. Төр засаг нь үүндээ эзэн нь байх ёстой.

Би Монгол Улсын эдийн засгийг олон тулгуурт байх ёстой гэж үздэг. Ганц уул уурхайн салбарыг шүтэж ирсний гай сүүлийн хэдэн жил гарч байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөөр бидний амьдрал сайжирдаг. Унахаар үгүйрдэг. Тиймээс үүнийгээ нөхдөг эдийн засаг байх ёстой. Үүнийг бид хөдөө аж ахуй, газар тариалан, үндэсний үйлдвэрлэл гэж харж байна.