2017.10.04

О.Баасанхүү: Дэд сайдын орон тоо шаардлагагүй

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асуулаа.

О.БААСАНХҮҮ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЖ, ДЭД САЙДЫН ОРОН ТООГ БАГАСГАЖ ХЭМНЭЛТИЙН ГОРИМДОО ШИЛЖИХ ҮҮ?

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг энэ нэр төртэй албыг шадар сайд У.Хүрэлсүх нэр төртэйгөөр хаана гэж найдаж байна.

Нэгдүгээрт, Та өмнө нь төрийн байгуулалтын байнгын хороон дээр багш нарын цалин нэмэх ямар ч боломжгүй гэсэн. Би бол боломжтой гэж харж байна. Хувийн сургуулиудын хувьсах зардал 17 тэрбум төгрөг. Дээрээс нь 36 сарын цалинг нь нийлүүлбэл багш нарын цалинг 1 сая 340 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж би танд хэлж байсан. Та энэ асуудлыг судалсан уу? Багш нарын цалинг нэмэх үү?

Хоёрдугаарт, эмч багш нар нэг нь хүний хүүхдийг барьцаалж, нөгөө нь өвчин зовлонгоор барьцаалж цалингаа нэмээд байдаг. Гэтэл тэтгэврийн хөгшчүүд яах вэ? Тэднийг нэгдүгээр ээлжинд бодох ёстой.

Гуравдугаарт, Ардчилсан намынхан дөрвөн яам нэмье гэж байна. Хэмнэлтийн горимондоо орж, яамдын тоог багасгах шаардлага байхад яамдын тоог нэмбэл багаар нь дэмжинэ гээд байх юм. Та үүнтэй санал нэг байна уу? Ардын засгийн үед таван яам байсан, ард түмний засгийн үед 10 л байвал болох биш үү? Мөн дэд сайдыг болиулах миний саналыг дэмжиж байна уу?

Үүнээс гадна тухайн үеийн Монголбанкнаас онц их хэмжээний төгрөг үйлдвэрлээд, дур зоргоор долларын нийлүүлэлт хийснээс болоод өнөөдөр долларын хомсдол үүссэн. Тухай үеийн Монголбанкны удирдлагуудтай хариуцлага тооцох уу? Мөнгөний бодлогын алдагдлыг хэн үүрэх вэ?

У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ОНД БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

Нэгдүгээрт, багш, эмч нарын асуудалд цаашдаа анхаарал хандуулах ёстой гэж боддог. Би урьд төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлсэн. Гэхдээ ирэх онд багш нарын цалинг нэмэх боломжгүй.

Цалин нэмэгдүүлэх асуудлыг бид эдийн засгийн боломжтой уялдуулан 2019 оноос эхлэн шат дараатайгаар шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Зөвхөн багш гэлтгүй бүх төрийн албан хаагчдад энэ хамааралтай. Мөн цалин нэмэх талаар ОУВС-тай тохирсон тохиролбоо бидэнд байгаа. 2018 оны төсөвтэй би танилцаж  байгаа. Засгийн газар албан ёсоор байгуулагдаагүй байна. Бид багш нарынхаа цалинг нэмэх боломж байгаа эсэхийг эхлээд судалж үзэх ёстой.

Хоёрдугаарт, Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Агентлагууд энэ хэвээрээ ажиллана. Өвөлжилт хүндрэлтэй болох магадлалтай учраас яамд, агентлагуудын бүтэц дээр өөрчлөлт хийхгүй байх нь төрийн залгамж чанарыг хадгалж, ажил хэвийн явахад чухал. Харин монгол төрийн хууль зөрчсөн, ажлаа хийж чаддаггүй, хариуцлага алдсан төрийн албан хаагч нарын толгойг илэхгүй.