Засгийн газар хоорондын хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг зөвшилцөв
2017.06.07

Засгийн газар хоорондын хэлэлцээр, зээлийн гэрээний төслийг зөвшилцөв

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр ирүүлсэн уг хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр  “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч уг төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан тул 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт хийх зайлшгүй шаардлагатай байгааг дурдав.

Иймээс уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн нийт 6.5 сая еврогоос 1,5 сая еврог нь улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцжээ. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Зээл нь жилийн 2,0 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай,  үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэй байх аж.

Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтээ ирүүлсэн байна.

Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон хуралдаанд оролцсон Эрчим хүчний яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Н.Чимиддорж гишүүдийн асуултад “Тус станц нь Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг нэг үндсэн эх үүсвэр нь болдог. Дархан хотыг бүхэлд нь хэрэглээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг.2012 оноос ХБНГУ-ын  хөнгөлттэй  урт хугацааны зээлийн хөрөнгөөр  суурилагдсан  хүчин чадлаа өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Гэвч төсөл хэрэгжүүлэх тендерт шалгарсан ОХУ-ын компанийн удирдлага удаа дараа солигдож, маргаантай асуудал үүссэн учраас тендер цуцлагдсан. Гэхдээ гэрээний дагуу бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас татаж авсан” гэсэн хариулт өгөв. Мөн Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сугар анх энэ гэрээг 2013 онд байгуулсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилтийн төсөл нь ТЭЗҮ дээр тулгуурлаж хийгдсэн гэрээ байсан. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас захиалж татаж авсан. Одоо зураг төсөл нь тодорхой болсон учраас санхүүжилтийн дүн өөрчлөгдөхгүй. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2018 оны 6 дугаар сар гэхэд станцын өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах боломжтой гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.