2025.05.02

Д.Үүрийнтуяа: Гишүүний санал, хүсэлтэд хариу өгдөггүй яамтай байнгын хороогоор дамжуулж харилцах ёстой юу. Цаашдаа ямар зарчмаар ажиллах юм!

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хурлаас. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Нэгдүгээрт, зэсийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1,1 тэрбум ам.доллар гэж танилцуулж байна. ТЭЗҮ тодотгол хийгдээгүй санагдах юм? Одоо байгаа ТЭЗҮ-ээр бол 800 орчим сая ам.долларын санхүүжилт байх ёстой. Энэ яагаад өөрчлөгдав?

Хоёрдугаарт, энэ санхүүжилтийг ямар зарчмаар шийдэх гээд явж байгаа юм. Ер нь энэ төсөл дээр Уул уурхайн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр ямар чиг үүрэгтэй оролцоод байгаа юм. Хэн юу хариуцах гээд байгаа юм бэ? Бүх юм нь бэлэн болчихсон төсөл өнөөдрийг хүртэл санхүүжилтийнхээ асуудлыг хэн юу хариуцахаасаа хамаараад ажлаа эхлүүлж чадахгүй байна. Үүн дээр хариулт өгнө үү?

Гуравдугаарт, 14 мега төслийн ерөнхий мэдээллүүд өгөгдөж байна. Эдгээр төслүүдийг хөрөнгө оруулалтын үр өгөөжийнх нь хувьд эрэмбэлж хийсэн санхүү эдийн засгийн тооцоолол байна уу? Валью эксченж хөрөнгийн солилцооны асуудлыг олон улсад хэрэгждэг зарчмынх нь дагуу би дэмжээд байгаа юм. Гэхдээ өнөөдөр та бүхний ярьж байгаагаар, сайдын хариултад хэлж байгаагаар орон сууцын төсөл санхүүжүүлэх юм шиг л ярьж байна. Валью эксченж дээр Эдийн засгийн хөгжлийн яам ямар бодлого барьж байгаа юм бэ?

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан