5 сая еврогийн нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2017.06.07

5 сая еврогийн нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 09 цаг 55 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг 1” хөтөлбөрийн хүрээнд Дарханы ДЦС-ын турбиныг шинэчлэх ажлыг 2012 оноос эхлэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа аж.  Төслийн анхны хөрөнгө оруулалт 13.35 сая евро бөгөөд барилгын гүйцэтгэлийн 12 сая еврогийн өртөг бүхий гэрээг ОХУ-ын компанитай, 1.35 сая еврогийн зөвлөх үйлчилгээний гэрээг ХБНГУ-ын компанитай тус тус байгуулжээ. Төслийн анхны ТЭЗҮ-д нийт төсөвт өртгийг багаар тооцож гэрээ байгуулснаас төслийн гүйцэтгэлд хүндрэл учирсан байна.

Нэмэлт санхүүжилтийн асуудлыг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээ, 2015 оны зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн уг төсөлд шаардлагатай 11 сая еврогийн 4.5 сая еврог ХБНГУ-ын Засгийн газрын нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэж, холбогдох гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2016 онд байгуулжээ. Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн Монголын талын хөрөнгө оруулалт 6.5 сая евро байснаас 1.5 сая евро буюу 3.45 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт Эрчим хүчний сайдын багцад тусгасан байна.

Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал, Монголын талын хүсэлтийг харгалзан үлдэх 5 сая еврогийн санхүүжилтийг ХБНГУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр тохиролцсон байна. Энэхүү нэмэлт зээлийн санхүүжилтийн зээлийн хүү жилийн 2.0 хувь, хугацаа 30 жил,  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 36.7 хувь байх аж.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.