Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Эдийн засгийн байнгын хороо
2017.06.07

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулга хийлээ.

Ажлын хэсэг шийдвэрийн төслийн талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд салбарын яамд, мэргэжилтнүүд, судлаачдын саналыг харгалзан үзсэн байна. Манай улс холбогдох эрх зүйн баримт бичгийг баталж, хөгжлийн эрх зүйн орчноо тодорхойлсон бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлийн механизмийг оновчтой тогтоох, төрийн институциудыг чадавхжуулах, хариуцлага, санаачилгатай ажиллуулах, уялдаа холбоогүй, салан задгай, тооцоо судалгаагүй, урсгал байдлыг халах шаардлагатай хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна.

Иймд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны есөн заалт бүхий тогтоолын төсөл боловсруулжээ. Улс орны хөгжлийг урт, дунд хугацаанд төлөвлөх замаар үндэсний нэгдмэл стратегийг хангах, салбар хоорондын тэнцвэрт байдлыг хадгалж, зохицуулах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын бүтцийг бий болгон бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, хөгжлийн тэрүүлэх салбаруудын эрэмбэлэх тооцоо, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь механизмийг боловсронгуй болгож чадавхжуулах, ниймгийн салбарын үр ашгийг дээшлүүлэх, дундаж давхаргыг бэхжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, төлөвлөлт удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх чиглэлд ач холбогдол өгч Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан талаар Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудаас хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улс эдийн засгийн коридор төсөлд онцгой ач холбогдол өгч, Үндэсний хөгжлийн газар бодлогоор энэ төслийг хариуцан, түлхүү анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Ийнхүү Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин батлав.