Хамгаалал шаардлагатай иргэдийг хамгаалагч
УИХ-ын эмэгтэй гишүүдээс хамгийн идэвхтэйд түүнийг тооцож болно. Тэрээр эмэгтэй гишүүний хувьд нийгмийн хамгаалал хамгийн их шаардлагатай хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хүүхдэд тулгамдсан асуудал, тэдний хөгжлийн асуудлыг УИХ, Засгийн газрын анхаарлын түвшинд аваачив.
Учир нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өнгөрсөн парламентаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэгт орж ажиллан, хуулийн хэрэгжилт сул, төрийн оновчтой бодлого, дорвитой шийдэл хэрэгтэй байгааг бодитоор мэдэрсэн.
Энэ ч үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүдийн хамт боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Уг тогтоолын төсөлд дурдсанаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдэд чиглэсэн есөн цогц арга хэмжээ авах бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, хамгаалалд онцгой анхаарах, тэдэнтэй гардаж ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, багшийн цалин хөлс, урамшууллыг нэмэх, сургалтын тусгай тоног төхөөрөмж, автобустай болгох, эцэг эхийн асаргааны зардал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэх талаар тодорхой санал санаачилга дэвшүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед тэдний дуу хоолой болж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, амьдрах, сурах орчныг дээшлүүлж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй тэднийг тойрон хүрээлэгчдийн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх чин эрмэлзлэлтэй түүнийг цаашид ч тууштай байгаасай гээд энэ удаагийн "Маш чухал хүн"-ээр нэрлэж байна.