М.Оюунчимэг: Монгол Улсад мөнгө байна, бид мөнгөөр дутаагүй. Харин...
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.05.26

М.Оюунчимэг: Монгол Улсад мөнгө байна, бид мөнгөөр дутаагүй. Харин...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг салбарын яамд нарын хариуцсан асуудлаар тодруулга хүслээ.  

М.Оюунчимэг: Удирдлага, гүйцэтгэлд том реформ хийж байж Монгол Улс хөгжинө

Монгол Улсад мөнгө байна. Бид мөнгөөр дутаагүй. Харин зарцуулалт тал дээр ямар ч хяналт алга. Төсөв захиран зарцуулагчид болон түүнийг тойрон хүрээлж буй бизнесийн бүлэглэлийнхэн зориулалтын бусаар хөрөнгө захиран зарцуулж, төсвийн хөрөнгийг салхинд хийсгэж байна.

Удирдлага, гүйцэтгэлд том реформ хийж байж Монгол Улс хөгжиж, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал буурна гэж үзэж байна. Тиймээс 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэхдээ биелэлт хэр бодитой байна, биелээгүй тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх талаар тодорхой болгож өгөх хэрэгтэй. Уг үндсэн чиглэлийн биелэлтэд удирдлага, гүйцэтгэлийн тал дээр тодорхой зохицуулалт орсон уу?

Одоогоор ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна.

Үндсэн чиглэлд 8 хувьд хүргэнэ гэж тусгасан байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон учраас Засгийн газрын хийх алхам улам тодорхой болж байна. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд салбар яамд, агентлаг болгон дээр шинээр нэмэгдэх боломжтой ажлын байрны тоо тавьж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгжүүлэх боломж бий юу?

Нийт өрхөд хамаарах дундаж давхаргын тоо улам буураад байгааг судалгаа харуулж байна. Ирэх жилүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ босгосон, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг ярьж байгаа энэ нөхцөлд ажлын байр нэмэгдүүлэх талаар тодорхой заалт тусгасан уу гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариулаач?

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгох, бүх аймагт хүнсний лаборатори байгуулж, малыг эрүүлжүүлэхийн тулд махны экспортын тодорхой орлогыг зарцуулах боломж байна гэж үзэж байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ямар бодлого барьж байна?

Уул уурхайн бүтээгдэхүүнээс нүүрсний үнэ харьцангуй тогтвортой бөгөөд бусад ашигт малтмал буурах төлөвтэй байна. Тиймээс аялал жуулчлалын тодорхой бүс нутаг руу засмал зам тавих талаар үндсэн чиглэлд тодорхой зүйл тусгасан уу гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд хариулна уу. 

1,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг гадаадаас татна гэж төлөвлөжээ. Хэрэв хөрөнгө оруулалт татаж чадвал ДЦС-5 барих боломжтой гэж бодож байна. Мөн Багануурт дулааны станц барих асуудал ч яригдаж байна. Энэ мэт асуудлыг Эрчим хүчний сайдаас тодруулъя.

Сүүлийн үед гэмтэл, осол гарах болсонтой холбогдуулан зэвсэгт хүчний техник технологийг хөгжүүлэх тал дээр ямар ч хөрөнгө оруулалт байхгүй, анхаарал суларлаа гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Тиймээс батлан хамгаалах салбарын хүчин чадал, чадавхийг нэмэгдүүлэхэд зориулж хөрөнгө, мөнгө тусгасан уу гэж Батлан хамгаалахын сайдаас асууя.

Г.Өнөрбаяр: Өрхийн орлогын түвшинг 5-8 хувиар нэмэхээр төлөвлөж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 

Улсын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо 100 мянга орчим байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга байгаа бөгөөд тэдний дунд дээд боловсролтой иргэд тодорхой хувийг эзэлж байна. Энэ хувь цаашид ч өсөх чиг хандлагатай байна.

Нийт ажилгүй иргэдийн 35 хувь нь залуучууд байна. Тиймээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдлийн түвшинг тодорхой хувиар бууруулна гэсэн тооцоо гаргасан.

Энэ оныг өнгөрсөн онтой харьцуулахад өрхийн дундаж орлого 3,4 хувиар нэмэгдсэн. 2018 онд өрхийн орлогын түвшинг 5-8 хувиар нэмнэ гэж бодож байна.

Л.Баяртулга: Аймаг бүрт итгэмжлэгдсэн хүнсний лаборатори бий

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд Мах, сүүний анхдугаар аян хэрэгжүүлж, 5 зорилт, 50 ажил хийнэ гэж төлөвлөсөн. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. 2018 оны үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсанаар бол энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах ажилд 40 тэрбум төгрөг зарцуулна гэсэн саналыг манай яам гаргаж, Сангийн яам 30 тэрбум төгрөг болгож бууруулсан.

Аймаг бүрт итгэмжлэгдсэн хүнсний лабораториуд ажиллаж байгаа. Лабориториудын чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлдэх ажлууд хийхээр төлөвлөж байна.

П.Ганхүү: ДЦС-5 барих асуудал гацаанд орсон

Эрчим хүчний сайд 

ДЦС-5 барих асуудал яригдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд байршил гурван удаа солигдсон. Франц, БНСУ, Япон улсын хамтарсан консорциум төслийн гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ хэлэлцээрийн шатанд 20 гаруй асуудлаар тохиролцож чадаагүй өдийг хүрсэн.

Хамгийн гол нь байршил, түүний дараагийн асуудал бол үнэ тариф. Үндсэндээ төслийн хэлэлцээ зогссон. Бид Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээ үргэлжлүүлье гэсэн саналаа илэрхийлээд байгаа.

Хамтарсан консорциум идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Консорциум дотроо оролцогчид солигдож байгаа учраас ойрын хугацаанд төсөл хэрэгжих боломжгүй гэж харж байна.

Б.Бат-Эрдэнэ: Зэвсэг, техникийн шинэчлэл хийгээгүй 27 жил болж байна

Батлан хамгаалахын сайд 

Зэвсэг, техникийн шинэчлэлийн ажилд хөрөнгө төсөвлөөгүй удаж байна. 1990 оноос хойш 27 дахь жилдээ энэ ажилд огт хөрөнгө зарцуулаагүй байдаг. Зэвсэгт хүчний техник, хэрэгсэл бол 30-аас дээш жилийн насжилттай, хүнд нөхцөлд байна. Энэ талаар Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх үеэр тодорхой танилцуулсан. 

Батлан хамгаалахын багц хуулиар бол УИХ нь Зэсвэгт хүчний дээд удирдлагыг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны удирдлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, асуудал эрхэлсэн сайд хариуцна гэж заасан. 

Тиймээс эдгээр эрх бүхий субьектүүд бодлого, хөрөнгө оруулалтыг шийдэж өгөх учиртай. 2018 оны үндсэн чиглэлд Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам хамтран зургаан тодорхой зорилт хэрэгжүүлнэ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд 316,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэсэн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам 60-70 тэрбум төгрөгт багтах чиглэл өгсөн. Ингээд төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж гурван зорилт нь хасагдсан.

Үлдсэн гурван зорилтын биелэлтийг хангах үүднээс Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр болсон. Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь Энхийг дэмжих ажиллагаанд алба хаасан цэргүүдийн зардлын 30 хувь, техникийн түрээсийн хөрөнгөөр санхүүждэг. Цаашид энэ байдлаараа удаан явах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.